Б.БОЛОРМАА: 600 ОРЧИМ КОМПАНИ санхүүгийн тайлангаа илгээсэн

2015 оны 12 сарын 03

Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаатай Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар ярилцлаа.

-Энэ хууль хэрэгжиж дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Ажлын явц ямар байна вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өнгөрсөн наймдугаар сард батлагдсан. Дараа нь Засгийн газрын тогтоол гарсан. Үүнээс хойш иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч байгаа.

Энэ ажилд төрийн таван байгууллага оролцож буй. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн есдүгээр сард хийсэн. Одоогийн байдлаар өмч, хөрөнгө ил болгох ажил ид өрнөж байна. Сангийн яамны хувьд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланг хүлээн авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 600 орчим компани санхүүгийн тайлангаа цахимаар илгээж, ил тод болголоо. Харин татварын байгууллагад аж ахуйн нэгжүүдээс гадна иргэд орлогоо ил болгон, тайлагнаж буй учир ачаалал их байгаа.

-Иргэдэд ямар боломж олгож байна вэ?

-Иргэн нуусан хөрөнгө, орлогоо ил болгож, мэдүүлэх боломжтой. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, дэвтрээ гүйцэд бөглүүлж болно. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас ногдуулах торгууль, шимтгэлээс чөлөөлөгдөнө.

-Ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй бол нөхөн төлж болох юм байна. Харин ажил олгогч ажилтныхаа нийгмийн даатгалыг төлөлгүй хохироох тохиолдол их байдаг. Үүнийг энэ хуулиар зохицуулах боломжтой юу?

-Ийм боломж бүрдсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, түүнийгээ нуун дарагдуулсан бол иргэн, ажил олгогч хоёр талаас ил болгох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Иргэд энэ хуулийг хэрэгжүүлэхэд оролцож буй төрийн таван байгууллагад зэрэг хандаж болно. Гэхдээ нийгмийн даатгалаа нөхөн төлөх гэж байгаа бол эхлээд харьяа дүүргийнхээ татварын албанд тайлангаа өгсөн байх ёстой.

Дараа нь нийгмийн даатгалын хэлтэст шимтгэлээ төлнө. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар эхлээд Сангийн яаманд хандаж, санхүүгийн тайлангаа өгнө. Бусад тохиолдолд энэ таван байгууллагад зэрэг хандах боломж бий.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг гараанаас эхлэх боломж олгож байгаа гэсэн.

Ирэх оноос НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжсэнээр бүртгэлийн шинэ системд шилжих боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Тийм. НӨАТ-ын шинэ хуулийн хүрээнд иргэдэд хоёр хувийг буцаан олгох замаар аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавина. Мөн аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж олсон орлого, бий болгосон эд хөрөнгөө үнэн зөв бүртгүүлж байх ёстой.

Манай улсад далд эдийн засаг 30 хувьтай байна гэж судлаачид үздэг. Энэ хууль нь далд байгаа хөрөнгө, орлогыг ил болгон, далд эдийн засгийг хумихад чиглэж буй. Тэр утгаараа хөрөнгө, орлогоо нуусан иргэдэд боломж олгож байгаа юм.

Ингээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэн, аж ахуйн нэгжүүд нэг гараанаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглах сонирхол нь хэр байна вэ?

-Иргэдэд болгоомжлол байх шиг байна. Энэ хуулийн дагуу ил тод болсон хөрөнгө, орлоготой холбоотой бүх мэдээлэл нууц.

Өөрөөр хэлбэл, иргэдийн тайланг хүлээн авч, зөвлөгөө өгч буй төрийн байгууллагуудын ажилтнууд хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан. Тиймээс иргэд ил болгосон хөрөнгөтэй холбоотой мэдээлэл нь ил болчих болов уу гэж болгоомжлох зүйлгүй.

-Хуулийн дагуу нууц мэдээллийг хэдий хугацааны дараа ил болгох вэ?

-Хуульд ил тод болгосон хөрөнгө, орлогын талаарх мэдээллийг нотлох баримт болгож ашиглахгүй. Мөн нотлох баримт болгон гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон байгаа.

-Татвараа төлсөн иргэн, аж ахуйн нэгж хохирч байна гэсэн яриа байгаа. Ийм хуулийг ойр ойрхон батлах нь зөв үү?

-Тийм. Татвараа шударгаар төлсөн, тайлагнасан иргэд ийм бодолтой байгаа байх. Гэхдээ нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бас боломж олгож буй юм. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ойр ойрхон батлах нь зохисгүй.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД