АЖИЛЛАХ ХҮЧЭЭ ГАДАГШАА АЛДСААР БАЙХ УУ

2015 оны 11 сарын 16

Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн аравдугаар сард 6.3 хувьд хүрч, сүүлийн гурван жилийн доод хэмжээнд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тэдний тооцоогоор манай улсад ажилгүй 75.7 мянган хүн байгаа гэнэ.

Эдийн засаг агшиж, олон компани үйл ажиллагаагаа хумьж байхад ажилгүй иргэдийн тоо сүүлийн хоёр гурван жилд байгаагүй доод хэмжээнд хүрлээ гэдэгт итгэх хүн хэр олон бол. Сүүлийн жилүүдэд тогтмол хоёр оронтой тоогоор өсөж байсан эдийн засаг өнгөрсөн сарын байдлаар ердөө 2.5-хан хувиар тэлжээ.

Эдийн засаг өндөр өсөж байхад олон компани үйл ажиллагаагаа эхлүүлж, шинэ салбарууд хөгжин олон ажлын байр нэмэгдэж байсан. Харин одоо эдийн засаг царцаж, өгөөж буурахаар компаниудын ашиг багасан, үйл ажиллагаагаа хумьж буй. Үүнийг дагаад ажилгүйдэл ч өсөж таарна.

Угаасаа ажилгүйдэл нь эдийн засгийн өсөлттэйгөө урвуу хамааралтай байдаг гэж эдийн засагчид ярьдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөж байх үед ажилгүйдэл багасаж, буурвал нэмэгддэг зүй тогтолтой гэсэн үг. Манайд ч ийм үзэгдэл болж байна. Харин статистик тоо баримт үүнээс зөрж буй юм.

Эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбарт гэхэд байдал тун хүнд байна. Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Нүүрс олборлогч хувийн, хувьсгалын компаниуд ажилгүй зогсох болов.

“Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” гээд бүгд алдагдал хүлээж, зах зээл эргэн сэргэх гэрэл гэгээтэй өдрийг хүлээн, “амь тавьчихалгүй” тэсэж үлдэхийг хичээж байна.

Монгол хүн бүр хувьцааг нь эзэмшдэг, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” гэхэд ажилчдаа өөр компанид шилжүүлэхийг нь шилжүүлж, заримыг нь халах гэж буй аж. Тус компани 610 гаруй ажиллагсадтай бөгөөд 200 гаруйг нь өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай “TT JV Co” компанид шилжүүлсэн.

Мөн удахгүй 50, ирэх оны эхэнд 200 ажилчин цомхтгоно гэсэн мэдээлэл түгж ажилчдыг нь тэвдүүлж эхэлжээ. Үүнээс болж ажлын байр, амьжиргаагаа хадгалж үлдэх гэсэн ажилчид нь тэмцэж, эмгэнэлт явдалд хүрснийг бид мэдэж байгаа.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ганболд “Уул уурхайн салбарт байдал үнэхээр хүндэрлээ. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Саус гоби сэндс”, “МонЭнКо” гээд нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нь бүгд үйл ажиллагаагаа зогсоосон.

Мөн “Алтайн хүдэр” зэрэг төмрийн хүдэр олборлодог компаниуд ч ажлаа зогсоосон гэдэг мэдээлэл ирлээ. Үүнээс болж олон хүн ажил, орлогогүй болж байна” гэлээ. Зөвхөн уул уурхайн салбарт л гэхэд ажилгүйдэл аваарын дохио асаах хэмжээнд хүрчихээд байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр салбарын яам, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл хамтран уг асуудлаар зөвлөлдөхөөр болсон гэнэ. Гэтэл Үндэсний статитсикийн хороо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал уул уурхайн салбарт ажиллагсдын 80 хувь нь ажлын байртайгаа байна гэж мэдээлж байх юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлэл амьдралаас зөрүүтэй байгаа нь ажилгүйдлийн түвшинг тооцох аргачлалтай холбоотой байдаг бололтой.

Нөгөө талаас ажилгүйдлийн түвшин нь манай улсад хөдөлмөрийн зах зээлийг илэрхийлэх гол үзүүлэлт болж чаддаггүй гэж Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал асан М.Чимэддорж хэллээ. Тэрбээр “АНУ, Герман зэрэг орны иргэд ажилгүй болбол, хөдөлмөрийн бирждээ бүртгүүлээд, ажил хайдаг. Эдгээр оронд ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн нэг индикатор болдог.

Харин манай улсад иргэд ажилгүй болсон ч дараагийн ажлаа хайдаггүй, хөдөлмөрийн биржид ч бүртгүүлдэггүй. Тогтмол цалинтай ажил хийх сонирхол бага байдаг нь үүнд нөлөөлдөг” гэв. Өөрөөр хэлбэл, иргэд ажилгүй болсон ч хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй байдаггүй нь ажилгүйдлийн түвшин бага гарахад нөлөөлдөг аж.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлд 100 гаруй аж ахуйн нэгжийн 17 мянган орчим уурхайчин гишүүнээр элссэн байдаг гэнэ. Эдгээр уурхайчны олонх нь ажилгүй болсон гэдгийг тус эвлэлийнхэн хэлж буй юм. Нүүрснээс гадна төмрийн хүдэр, жонш, цайр олборлож буй том, жижиг компаниуд ч алдагдал хүлээн, цаашид ажлаа үргэлжлүүлэх аргагүйд хүрчээ.

Манай улсын голлох ашигт малтмалын үнэ 2012 оноос хойш 30-70 хувиар унаснаас болж өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр, жоншны экспорт өмнөх оны мөн үеэс 10-50 хувиар буурлаа. Энэ нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд төдийгүй улс орны эдийн засагт ч хүнд цохилт болж буй.

Уул уурхайн компаниудын алдагдал нэмэгдэж буйг дагаад тэдэнд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын ашиг, орлого багасаж байгаа гэнэ. Энэ мэтчлэн эдийн засгийн гол тулгуур багана савлаж, бусад бүх салбартаа нөлөөлж байна. Ийм хүндрэлийн үед олон компани үүдээ барихгүйн тулд ажилчдаа хэдэн арваар нь цомхтгож буй мэдээ бий.

Үүнтэй холбоотойгоор зарим компани ажилчдынхаа дунд аттестатчлал явуулах болжээ. Зарим нь ажилчдынхаа цалинг нийтээр нь бууруулах замаар нэг ч хүн халахгүй, нэгийг ч нэмж ажилд авахгүй гэсэн бодлого барьж буй бололтой.

Хувийн их сургуульд багшилж байсан, инженер найзтайгаа саяхан таарлаа. Тэрбээр сүүлийн сар хагасын хугацаанд ажил хайгаад олоогүй гэлээ. Нэгэнт Монголд ажил олдохгүй байгаа тул гадаадад гарч ажиллах сонирхолтой хүн олширсон бололтой.

Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус улсыг зорих иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэлээд хувиар өсчээ. Ялангуяа тус улсад 90 хүртэлх хоногийн визээр зорчих монгол хүн нэмэгдсэн аж.

Мөн Туркт амьдарч буй найз маань “Энд Монголдоо байгаа юм шиг л болсон. Сүүлийн үед маш олон монгол хүн ирж ажиллаж байна. Ингэхээр ажил олдохгүй, цалин нь багасаж байна. Монголчууд хүний нутагт ажиллах гэж хоорондоо өрсөлдөж байна” гэлээ.

Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн ойролцоо оршдог Манжуур хотод гэхэд л маш олон монгол хүн хар бор гэж гололгүй элдэв ажил хийх болсон талаар тийшээ яваад ирсэн танил маань ярив.

Эдийн засаг бага хувиар өсөж, ажилгүйдэл нэмэгдэж буй энэ эмзэг үед төр мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж эдийн засагч Х.Батсуурь хэллээ. Өөрөөр хэлбэл, төсвийн болон мөнгөний бодлогоор дамжуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэнэ.

Төвбанкныхан инфляц 3.4 хувьд хүрсэн үед мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүг бууруулах боломжтой гэж буй юм. Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал зээлийн хүүг бууруулах хөрс суурь нь бүрдсэн гэсэн удаатай.

Гэхдээ энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төсвөө алдагдалгүй батлах шаардлагатай байсан ч ингэж чадсангүй.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД