Б.ЛХАГВАЖАВ: ДНБ найман их наядаар өснө

2015 оны 11 сарын 11

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байна. Ингэснээр ирэх оноос татварын бааз суурь өргөжиж, орлого нэмэгдэнэ гэж буй. Гэтэл ирэх оны төсвийн төсөлд эсрэгээрээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг бууруулан тусгасан байна.

-Энэ хуулийг хэрэгжүүлж буйн зорилго бол өмнө бүртгэгдэж байгаагүй ажил үйлчилгээ, орлогыг ил гаргах юм. Үүгээр дамжуулан “хар зах зээл”-ийн санхүүгийн бүртгэлийг албан ёсны болгоно. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгжид нэлээд хэмжээний өмч, хөрөнгө төвлөрсөн байгаа. Үүнийг дахин зөв хуваарилахад чиглэнэ.

Санхүүгийн болон компанийн тайлан албан ёсны, зөв болчихвол засаглал нь сайжрах үндсэн хөрс бүрэлдэнэ гэсэн үг. Өмнө нь өмчийн эзэн, хөрөнгө оруулагч нь тодорхой бус, компанийн санхүүгийн болон татварын тайлан нь хоёр, гурван янз байхад сайн засаглалын тухай яриад хэрэггүй байлаа. Дотоодын компаниуд өсөж, өндийж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ.

Түүнчлэн манай улсын ДНБ-ий өсөлт сүүлийн гурван жилд буурч байна. Энэ онд эдийн засаг 2-3 хувиар өснө гэсэн таамаг бий. Тиймээс татварын орлогыг одоо байгаагаас бага зэрэг бууруулж төсөөлсөн байна гэж харсан.

Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэж байна гэж харж буйн хувьд манай улсын ДНБ доод тал нь найман их наядаар нэмэгдэнэ гэж үзэж буй юм. Тухайлбал, өнгөрсөн сард л гэхэд далд байсан их хэмжээний ажил, үйлчилгээ ил боллоо.

-Манай улсын татварын систем шинэчлэгдэж байна. Үүнийг дагаад татварын хууль болон бодлого өөрчлөгдөнө. Энэ шинэчлэлийн үндсэн зорилго нь юу вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өнгөрсөн долдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ойрын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай болон Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар систем бүхэлдээ шинэчлэгдэнэ. Үндсэн зорилго нь орлого олж буй л бол татвараа төлдөг байя гэж байгаа юм.

Мөн татварын систем нь иргэнд ажил хийх бололцоо олгодог, хувийн өмчийг хамгаалдаг байх ёстой. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг ч хамгаалдаг байх хэрэгтэй. Татварын шинэчлэлийн хүрээнд энэ бололцоог олгож байгаа юм.

Үүнээс өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар дамжуулан иргэдэд гарааны шинэ боломж олгож байна гэж ойлгож болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн баталснаар иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болно. Ингэснээр аж ахуйн нэгжүүд иргэдийн хяналтад орно гэсэн үг.

Иргэдэд үйлчилгээ үзүүлж төлбөрийг нь авчихаад тасалбар өгдөггүй компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын системээр дамжуулан компаниудыг хянаж байна.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажил хэр амжилттай байна вэ?

-Сайн байгаа. Гэхдээ хууль хэрэгжүүлэхэд хоёр зүйл саад болж байна. Эхнийх нь хуульд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн эзэд айж, бэргэж байсан юм. Одоо хуулийн мөн чанарыг ойлгож эхэлсэн. Түүнчлэн энэ хуульд манай улсын иргэн, аж ахуйн нэгж бүр хамрагдах боломжтой. Манайд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх үүрэгтэй 38 мянган төрийн албан хаагч байдаг.

Ар гэрийнхэн орлогоо ил болговол тэд ч мэдүүлгээ өөрчлөх ёстой. Хуулийн дагуу төрийн албан хаагчийн хөрөнгө нэмэгдсэн тохиолдолд нэг сарын дотор мэдэгдэх үүрэгтэй. Үгүй бол ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулдаг юм. Гэтэл энэ талаарх зохицуулалтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд тусгаж чадаагүй.

Авлигын эсрэг хуульд төрийн албан хаагч өөрийн хөрөнгө, орлогоо үнэн, зөв мэдүүлнэ гэж заасан байдаг. Энэ заалтаар далимдуулан дээрх хүмүүсийг хэрэгт унагах, улс төр хийх боломж гарч болзошгүй. Тиймээс энэ хүмүүс орлогоо мэдүүлэхээс болгоомжилж байх шиг байна.

Мөн үүний цаана гэр бүл, ойр дотнынх нь 200 орчим мянган иргэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй нь. Одоо үүнийг шийдэхийн тулд ажиллаж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар үүнийг засаж болно гэж харж буй юм.

-2008 онд баталсан Эдийн засгийн өршөөлийн хуульд иргэнд хангалттай хамрагдаж чадаагүй гэдэг. Одоо энэ хуулийн мөн чанарыг иргэд хэр ойлгож байгаа бол?

-Аж ахуйн нэгжүүд зах зээлд эзэн байя гэвэл энэ хуулийг ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийг баталсан.

Энэ хуульд тухайн үеийн нийт компанийн хоёр хувь нь буюу 2856 нь хамрагдаж 5.6 их наяд төгрөгийн орлогоо ил болгосон байдаг. Энэ боломжийг 41 мянга гаруй компани алдаж, орлогоо ил болгоогүй юм. Гэтэл эдийн засаг өндөр өсөж байсан гурван жилд энэ хуульд заасан боломжоо ашигласан компаниудын орлого 3-5 дахин нэмэгдэж, бусдынх нь хоёр дахин агшсан байдаг.

Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх 2800 гаруй компанид төвлөрсөн гэсэн үг. Одоо энэ боломжийг ашиглахгүй өнгөрвөл ийм гарз хүлээж мэдэх юм. Манай улсын эдийн засгийн 17.3 хувийн өсөлт микро эдийн засагтаа хүрч чадаагүй. 2013, 2014 онд зах зээлд нэлээд хэмжээний мөнгө нийлүүллээ. Энэ мөнгө ч мөн адил микро эдийн засагт шингэсэнгүй.

Миний бодлоор үүний учир нь иргэн, аж ахуйн нэгжийн санхүү бүртгэл нь булингартай байсан учир их хэмжээний мөнгө шингээх боломжгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг шингээхийн тулд компанийн тайлан баланс цэвэр, тунгалаг байх ёстой юм.

Одоо санхүүгийн тайлангаа шинэчилсэн компаниуд ямар ч их хэмжээний хөрөнгийг шингээж чадна. Учир нь тэд айх зүйлгүйгээр бизнесээ хийх боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан үед энэ нь маш чухал юм. Хамгийн гол нь энэ үйл явдал манай эдийн засгийг хөл дээр нь босгоно.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД