БАГА ТӨЛӨӨД ИХИЙГ АВ буюу Монголын хөрөнгөтнүүдийн араншин

2015 оны 11 сарын 10

Чех улсад амьдрахаар очсон найз маань саяхан фэйсбүүктээ “10 еврогоор (өчигдрийн байдлаар 21.450 төгрөгтэй тэнцэж байв) тор дүүрэн хүнс худалдаж авлаа. Бид дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсад амьдарч байсан юм биш үү” гэж бичжээ.

Өмнөд Солонгост зургаа, долоон жилийн өмнө талх 3000 вонын үнэтэй байсан нь одоо ч хэвээрээ гэдгийг тэнд амьдарч буй найзаасаа сонслоо. Солонгосчуудын дундаж цалин таван сая орчим вон (8.7 сая төгрөг) төдийгүй байнга өсдөг бол бараа, бүтээгдэхүүнийх нь үнэ эсрэгээрээ тогтвортой байдаг.

Мөн Туркт талх 690, гурил кг нь 1380 төгрөгтэй тэнцэж байна. Энэ улсад амьдарч буй гадаад улсын ажилчид л гэхэд сард дунджаар 1500-2000 лира буюу 1.1-1.4 орчим сая төгрөгийн цалин авдаг гэнэ.

Харин Үндэсний статистикийн хорооны мэдээгээр манай иргэдийн дундаж цалин 850 орчим мянган төгрөг байгаа бөгөөд жилд 6-7 хувиар өсдөг аж. Гэтэл “Атар” талх гуравхан жилийн дотор 650-аас 1140 төгрөг болж бараг хоёр дахин өссөнийг ҮСХ-ноос гаргадаг үнийн судалгаанаас харж болно.

Мөн Монголын нэг өрхийн сарын дундаж орлого 2005-2014 онд ердөө зургаа дахин өссөн байхад инфляц жилийн 10 гаруй хувьтай байна. Энэ хугацаанд өрхүүдийн орлогын өсөлт зарлагынхыг даваагүй бөгөөд иргэдийн амьжиргаа муудсаар иржээ.

Өөрөөр хэлбэл, Монголд амьдралын өртөг өндөр хөгжилтэй орнуудынхтай бараг адил байгаа бол амьжиргааны түвшин хөгжиж буй орнууд дундаа сүүл мушгиж байгаа аж. Эдийн засаг нь сүүлийн 10 жилд 7-8 хувиар томорч байхад иргэдийнх нь амьжиргаа дорддог гажиг зүй тогтол оршсоор буй нь хачирхалтай.

Дэлхийн банкны тооцоогоор манай улс дундаж орлоготой орны ангилалд багтдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд бараг л хоёр оронтой тоогоор өсөж буй. Энэ өндөр өсөлтөөс хэн өгөөж хүртсэн бэ. Нийгмийн баялгаас хэн ихийг хожиж байна вэ.

...2000 оны эхэн үетэй харьцуулбал энэ харьцаа тэнцвэржих хандлага руу явж байгаа аж. Цаг хугацаа өнгөрч, нийгэм хөгжихийн хэрээр энэ харьцаа ойртож ажиллагсдын орлого нэмэгдэн, амьжиргаа нь дээшлэх болов уу гэж эдийн засагч Ц.Батсүх хэллээ...

МУИС-ийн багш, доктор О.Телеу, Д.Цоодол нар дотоодын компаниудын ашгийн хувь дэлхийн дунджаас нэлээд дээгүүр байгаа талаар судалгаандаа дурджээ.

Доктор О.Телеу “Дотоодын капиталистууд бага төлөөд ихийг ав гэдэг зарчмаар ажиллаж байна. Тиймээс тэдний ашиг их, ажиллагсдынх нь орлого бага байна” гэлээ.

“The World Ultra Wealth”-ийн 2013 оны тайланд манай улсын 35 иргэн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь ДНБ-ий 66 хувийг эзэлж байжээ.

Өөрөөр хэлбэл, дотоодын хэдхэн том компанийн эзэд нийгмийн баялгийн дийлэнхийг хүртэж буй аж. СЭЗДС-ийн багш, доктор Ц.Батсүх “Манай улсад хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёул оролцож үнэ тогтоодоггүй. Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн тогтоосон үнээр хэрэглэгч худалдан авч байна.

Олигополь болон монополь нийлүүлэгчид иргэдэд үнээ тулгадаг. Гэтэл дэлхийн ихэнх орон асар олон нийлүүлэгч болон хэрэглэгчтэй учраас жинхэнэ төгс өрсөлдөөнт зах зээл оршдог. Манай улсад үнэ хэт савалгаатай байдаг нь эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Зах зээлд хэт цөөн нийлүүлэгч байгаад, тэд үнэ тогтоох давуу эрхтэй байдагт л асуудлын гол нь байгаа юм” гэлээ.

Манай улс жижиг эдийн засагтай учир нэг зах зээлд олон нийлүүлэгч, үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж ашиг хүртэх боломжгүй. Гэтэл байгаа цөөн нийлүүлэгч нь үгсэн тохирох байдлаар үнээ өсгөж буй жишээ олон.

Тиймээс урт хугацаанд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, нийлүүлэгчдийн тоог өсгөх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж буй юм.

Монголбанк Засгийн газартай хамтран сүүлийн гурван жилийн хугацаанд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсний үр дүнд инфляц өнгөрсөн сарын байдлаар 4.9 хувьд хүрч Төвбанкны зорилтот түвшнээс ч уруудав. Гэхдээ инфляц буурсан ч монополь нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй зах зээлд үр дүн муутай гэж эдийн засагчид хэлж байна.


Өрсөлдөөн ихтэй бол үйлдвэрлэгч, нийлүүлэгчид зах зээлд амьд үлдэхийн тулд хэрэглэгчдэд чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүн санал болгоно. Хоёр компани үгсэн тохирч үнээ өсгөвөл хэрэглэгч гурав дахиас нь худалдаж авах боломж бий.

Харин бидэнд ийм боломж алга. Тухайлбал, манай улс 200 гаруй мянган малчин өрхтэй. Өрх бүр нийлүүлэгч гэж үзвэл энэ зах зээл хамгийн эрүүл байх бөгөөд үнэ ч тогтвортой байх юм. Гэтэл тийм биш аж. Хөдөөнөөс ирсэн малчин махаа өөрөө жижиглэнгээр зарах боломжгүй тул “Хүчит шонхор” захын хэдэн ченжид бөөнөөр нь худалддаг.

Ингээд нийслэлийн хэмжээнд махны үнийг “Хүчит шонхор” захын хэдхэн ченж л тогтоож буй юм. Нийлүүлэлтийн гинж алдаатай учир зах зээлд оролцож буй хэн нэгэн нь үнэ өсгөж байна. Доктор Ц.Батсүх “Манай улсын эдийн засгийн зохицуулалт сул учир энэ орон зайг нь хэн нэгэн дамын наймаачин эзэлчихсэн байна” ярьж байсан юм.

Хөгжсөн орнуудад энэ асуудлыг Хөдөө аж ахуйн бирж байгуулан шийддэг. Манай улсад ийм бирж үйл ажиллагаа явуулж буй боловч одоогийн байдлаар ноос, ноолуурын арилжаа л хийж байна. Малын махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилждаг болбол үнэ ченжүүдийнхээр бус зах зээлийнхээ жамаар тогтох боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, малын махыг биржээр дамжуулан арилждаг болсноор дундын зуучлагч ченжүүд үгүй болж үнийн хэлбэлзэл багасна. Монополь болон олигополиуд зах зээлийг эзэлсэн нэг жишээ нь энэ. Мөн өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг мэдээлэл цацагдсан.

Сангийн яам энэ оны төсвийг тодотгохдоо шатахууны онцгой албан татварын таазыг төрлөөс хамааран тн тутамд 200-300 мянган төгрөгөөр нэмж, төсөвт 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр тусгасан билээ.

Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн буурсан учир нефть импортлогчдын ашиг 14-17 хувьд хүрээд байгааг Сангийн сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Монголчууд унаагаа хөдөлгөх гэж өнгөрсөн жил л гэхэд 1.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүний 17 хувь нь буюу 180 орчим сая ам.доллар (370 орчим тэрбум төгрөг) нефть импортлогч 7-8 компанийн ашиг болж буй юм.

Энэ нь дэлхийн жишгээс дээгүүр үзүүлэлт гэдгийг эдийн засагч Б.Дөлгөөн хэллээ. Харин шатахууны онцгой албан татвар нэмбэл 5-7 хувийн ашиг хүртэнэ гэсэн тооцоо бий.

Дотоодод эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн амьжиргаа доройтож байхад, гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унасан таатай үе тохиож буй ч төрөөс өчнөөн тэрбумыг татаас, дэмжлэг нэрээр авдаг шатахуун импортлогчид өөдгүй зан гаргаж ашгаа бууруулахгүйн тулд үнийн зөрүүг иргэдэд үүрүүлэх гэж байна гэж зарим эдийн засагч тайлбарлаж буй юм.

Энэ нь ч үнэний ортой байж мэдэх юм. Аль ч компанид нийгмийн хариуцлага, бизнесийн ёс зүй байх ёстой. Орлого нь үнэгүйдэж, талхаа хугасалж, махаа граммлах дээрээ тулчихаад байхад татвар нэмэгдчихлээ, шатахууны үнэ өсөх нь тодорхой боллоо хэмээн лообий хийж буй нь ямар гээчийн ёс зүй вэ. Уг нь татвар нэмсэн ч нефть импортлогчид нийлээд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого жилд олох боломжтой гэсэн тооцоо байгаа юм.

Манай улсад банкны салбар санхүүгийн зах зээлийн 95-96 хувийг эзэлдэг бөгөөд ашгийн хувь нь мөн л бусад орны арилжааны банкуудаас өндөр гэдэг. Тухайлбал, зээлийн хүү дунджаар 23-25 хувь байхад хадгаламжийн хүү 14-15 хувь байгаа юм. Зөрүү нь 8-9 хувь. Гэтэл дэлхийн зарим оронд арилжааны банкууд нь 1-2 хувийн ашгийн төлөө өрсөлдөж байдаг.

СЭЗДС-ийн багш нарын судалгаагаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн 25-30 хувь нь цалингийн зардал байдаг байна. Үлдэж буй хувь нь компанийн эздэд очиж буй гэнэ. Харин хөгжсөн орнуудад капиталистууд ашгийн 30 орчим хувийг л хүртдэг аж. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын ихэнхийнх нь хувьцааны 80-аас дээш хувийг 2-5-хан хүн эзэмшдэг гэсэн судалгаа бий.

Доктор Ц.Батсүх “Өндөр хөгжсөн орнуудад капиталистууд нь ашгаа ажиллагсад болон хэрэглэгчидтэйгээ хувааж байна. Харин манай капиталистууд хөрөнгөжөөд удаагүй байгаа учраас сэтгэлгээ нь тэднээс огт өөр байгаа юм. Манайхны сэтгэлгээ нь XX зууны эхэн үеийн хөрөнгөтний хувьсгалын дараачаас баяжсан хүмүүсийнхтэй ижил байна.

Монголчууд 70 гаруй жил хувийн өмчгүй байгаад гэнэт хөрөнгөжсөн нь нөлөөлж байх шиг байна” гэлээ. Сүүлийн жилүүдэд ДНБ-ий өсөлт гол бай биш гэдэг нь тодорхой болж байна. ДНБ өсөх нь нэг хэрэг. Энэ өсөлтөөс хэдэн хүн хувь хүртэж буй нь л гол асуудал.

Тиймээс өсөлтийг бөөнөөрөө хүртэж, нийгэм хөгжих нь чухал аж. Харин дотоодын компаниудын балансыг харвал эздийн ашиг бага багаар буурч, ажилчдынх нь орлого өсөж буй гэнэ. Тухайлбал, 2000 оны эхэн үетэй харьцуулбал одоо энэ харьцаа тэнцвэржих хандлага руу явж байгаа аж.

Цаг хугацаа өнгөрч, нийгэм хөгжихийн хэрээр энэ харьцаа ойртож ажиллагсдын орлого нэмэгдэн, амьжиргаа нь дээшлэх болов уу гэж эдийн засагч Ц.Батсүх хэллээ.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.92 Манайхан болоогүй л болтой. Ѳрѳнд туйлдаа дарагдсны дараа эргэлддэг болох байх. Чэйнжийн системийг хэн байгуулав?
202.21.100.162 Ene ulsad bolj butej bgaa uym bna uu???
172.101.82.153 zuv sedev hundjee, 10 jiliin umnu Japand mah, talh geh met, er ni buh baraa yag ter heveeree zaragdaj bna.Bid NOMIN oos 14000 tugrug buyu 7$ oor 3/4 hen shirheg alim avdag bol ene hemjeenii munguur USA d 2 uut buyu 20 orchim shirheg alim avch bna. 1 sh avacado YB t 4/5000 tugrug, usa, japand 2000 tugrug bnooo,Getel bidnii orlogo 5/600 han myangaas hetrehgui, deerh ornii irgediin orlogo hed bilee. mongolchuudiin orlogo 850 myanga hursen gedeg hudlaa, 600 myangiin tsalin avdag gevel paa yasan ih yum, bolomjiin tsalintai yum bna shd geh hun ih olon bna shuu, 3/400 iin tslintai geh humuus diilenh ni bn.
172.101.82.153 demjij bn saihan hariult bn
  • 2015 оны 11 сарын 10
172.101.82.153 zuv sedev hundjee, 10 jiliin umnu Japand mah, talh geh met, er ni buh baraa yag ter heveeree zaragdaj bna.Bid NOMIN oos 14000 tugrug buyu 7$ oor 3/4 hen shirheg alim avdag bol ene hemjeenii munguur USA d 2 uut buyu 20 orchim shirheg alim avch bna. 1 sh avacado YB t 4/5000 tugrug, usa, japand 2000 tugrug bnooo,Getel bidnii orlogo 5/600 han myangaas hetrehgui, deerh ornii irgediin orlogo hed bilee. mongolchuudiin orlogo 850 myanga hursen gedeg hudlaa, 600 myangiin tsalin avdag gevel paa yasan ih yum, bolomjiin tsalintai yum bna shd geh hun ih olon bna shuu, 3/400 iin tslintai geh humuus diilenh ni bn.