Т.Гэрэлт-Од: ”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар иргэд буруу ойлголттой байна

2016 оны 03 сарын 09

Барилга, Хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпораци батална гэж заасан. Тэгвэл уг журмын дагуу ТОСК-аас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах,түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулжээ.

Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд энэ сарын 14-18-нд Дархан суманд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах аж.

Харин Нийслэлд “Буянт-Ухаа 2” хороололд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал ТОСК дээр хүлээн авч бүртгэнэ. 

“Буянт-Ухаа 2” хороололд энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харьяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулна. Бүртгэл бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийг нийтэд зарлана.

Сугалааг цахимаар зохион байгуулах бөгөөд тухайн үед мэдээлэл өгч олон нийтэд нээлттэй байдлаар хийх аж.

Түүнчлэн “Аймаг бүрт 1000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцанд Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ сарын 21-25-нд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулна.

Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Иргэдийн дунд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар таван жилийн дараа өгч байсан түрээсийг нь урьдчилгаа төлбөрт тооцно гэсэн буруу ойлголт байна.  Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөрэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгасан. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгасан. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой. Уг хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
  • Гэр хороололд амьдардаг,үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүртгүүлэх бичиг баримт

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.118.44 Түрээс төлсөний төлбөрийг байрны үнэнд оруулан тооцох уу,
27.123.214.117 5 jild tulsun tvrees ni teged ylsin orlogo bolod bsirni mungnuus hasadahgvi mu tenegdeh utm da ard tvmnere uruu darylah bodlogo uymu ard irged orohgvi bel taarna
27.123.214.117 bair ashiglulsnii l tulbur bhgui yu da jooohn eyreg hand ain
  • 2016 оны 03 сарын 10