Дахин байгалийн гамшигт үзэгдэл болж магадгүй

2016 оны 03 сарын 09

Өнгөрсөн долоо хоногт Монгол орон даяар дайрч өнгөрсөн хүчтэй цасан шуурга, байгалийн гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9 буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Мөн үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх  юм байна. Харин говийн нутгаар  шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ.

Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан.

Сибирээс гаралтай гамшигт үзэгдэл энэ сард дахин тохиохыг цаг уурчид үгүйсгэхгүй байна. Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулжээ. Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг албаныхан анхааруулж байгаа юм.

-ӨНГӨРСӨН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ҮЕЭР ХОЁР ИРГЭН АМИА АЛДСАН-

Өнгөрөгч долоо хоногт болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр нийслэл төдийгүй ихэнхи аймаг сумд ч мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Нийслэлээс орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байх үеэр хотоос гарах гэсэн иргэд “Миний үхэх та нарт хамаагүй, хурдан гарга” гэсэн хандлагатай байсан гэж тээврийн товчооны ажилчид хэлж байсан.

Мөн нийслэлээс хулгайн замаар гарсан, цасанд боогдсон иргэд нийтдээ 658-д хүрж, хоёр иргэн харамсалтайгаар амиа алдсан. Иймд энэ удаа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон Онцгой байдлын газраас гарах сэрэмжлүүлгийг чандлан дагаж, анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.120 unen mal shv zarim humuus hha