Түрээсийн орон сууцанд орох иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ

2016 оны 03 сарын 07

Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Энэ дагуу Төрийн орон сууцны корпорациас тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг баталсан байна.

Тиймээс өнөөдөр түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл албан ёсоор эхлэх аж.

Эхний ээлжинд 929 орон сууцыг хөдөө орон нутаг болон нийслэлд түрээслүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлд 350, үлдсэн нь хөдөө орон нутагт байгаа юм. Харин нийслэлд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27000 иргэн байгаа талаар холбогдох судалгаа гарсан. Тиймээс ТОСК эдгээр иргэдийг бүртгэсний дараа сугалаа явуулснаар 350 айлыг шалгаруулах юм.

Бүртгэл өнөөдрөөс эхэлж 14 хоногийн турш үргэлжилнэ.

Хөтөлбөрт ямар иргэд хамрагдах вэ?

Хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 нь бүрдээгүй, бага, дунд орлоготой / амьжиргааны төвшингийн 3-10 дугаар бүлэгт хамаарах/ иргэд хамрагдана.

  • Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.

Түрээсийн төлбөр хэд байх вэ?

Улаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4,000 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа аж. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг 200-280 мянган төгрөг, /1 мкв -6.500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1 мкв- 4.500 төгрөг/ , /нэг байрны мкв-30-50/ байхаар үнийг нь тогтоосон. Харин уг үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгаж өгчээ.

Хаана хаана “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжих вэ?

Одоогийн байдлаар Архангай аймагт 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг Барилга хот байгуулалтын яамнаас гаргажээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт ороход ямар материал бүрдүүлэх вэ?

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.228.129.101 худлаа мэдээлэл тавьж иргэдийг чирэгдүүлэхээ больж үз, бүртгэл нь эхлээгүй байгаа. 16-наас эхлэнэ гэж ТОСК өөрсдөө хэлсэн.