Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтарч тоглолт хийхээр болжээ

2016 оны 03 сарын 03

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хэвлэлийн бага хурал хийж, “Илгээлтийн эзэн” аяныг эхлүүлж байгаагаа мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр  энэ долоо хоногийн сүүлчээс нийт нутгийг хамарсан 24-28 метр секунд хурдтай цасан шуурга шуурна.  Завхан аймгийн хойд талын таван суманд  хагас метр зузаан цас орж, зам хаагдаад байна. Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад цас ихтэй, хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Цас их орж, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах аян өрнүүлж байгаа С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллана гэж Онцгой байдлын  ерөнхий газрын дарга Т.Бадрал хэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мөн санаачлагыг дэмжин “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд нэг буман нэмнээг малчдад нийлүүлж, нэг түмэн оюутан хөдөө гэртээ очиж мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлнэ гэж тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг хэллээ. “Малчин оюутан” аяны хүрээнд хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоогоор хангах юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт зохион байгуулж, тоглолтын орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөх болсноо хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.29 Haana hezee we
202.21.106.142 Тоглолт хэзээ хаана юм болоо?