FIFA-гийн шинэ ерөнхийлөгчөөр Жанни Инфантиног томиллоо

2016 оны 02 сарын 29

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Цюрих хотноо болсон FIFA-гийн ерөнхийлөгчийг сонгох зөвлөлийн хоёр дахь санал хураалтаар UEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино ялсан.

Уг сонгуульд 115 орны төлөөлөл дэмжжээ. Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Салман 88 саналаар хоёрт орлоо.

Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн дөрвөн санал авсан бол, FIFA-гийн хуучин ерөнхий нарийн бичгийн дарга Жером Шампань ямар ч санал аваагүй байна.

FIFA-гийн шинэ тэргүүний бүрэн эрх 2019 он хүртэл хүчин төгөлдөр байх нь. Жанни Инфантино наад зах нь англи, герман, испани, итали, франц таван хэлээр чөлөөтэй ярьдаг байна.

Хөл бөмбөгийн спортыг буцаан “ФИФА”-д авчирч, “ФИФА”-г буцаан хөл бөмбөгтэй холбохын төлөө би чадах бүхнээ хийнэ. Энэ бол бидний хийхийг хүсэж байгаа зүйл билээ" гэж Жанни Инфантино мэдэгджээ.

Мөн тэрбээр, "сэтгэл маш их хөдөлж байна. Юу болоод байгаад одоо хүртэл итгэхгүй байна. Миний хувьд энэ маш урт, гайхалтай аялал болж байгаа бөгөөд магадгүй юу болоод байгааг харах амралт надад хэрэгтэй байх" гэж мэдэгдсэн байна.

Жанни Инфантино гэж хэн бэ?

Итали гаралтай Жанни Инфантино 1970 онд Швейцарийн Бриг хотноо төрсөн. Улмаар Фрибург хотын хууль зүйн их сургуулийг дүүргэжээ. Хуульч мэргэжилтэй Инфантино Нойшатлийн их сургуулийн Спорт судлалын төвийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээр спортын ертөнцөд хөл тавьжээ. Улмаар 2000 оноос УЕФА-гийн хууль эрх зүйн хорооны захирлаар томилогдон ажиллахдаа Санхүүгийн шударга өрсөлдөөний зарчмыг Европын хөлбөмбөгт нэвтрүүлсэн гавьяа түүнийх хэмээн үздэг. Улмаар 2009 оноос Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд дэвшсэн Жанни европын жижиг улсуудын гишүүн холбоодыг дэмжих, 2016 оны ЕАШТ-ээс эхлэн 24 баг оролцуулах,"Евро 2020" буурал тивийн 13 улс дамнан зохиох зэрэг түүхэн шийдвэрүүдэд голлох үүрэгтэй байсан юм. Түүнийг Мишель Платинигийн баруун гар буюу хамгийн итгэлтэй шадар туслах хэмээн үнэлж ирсэн бөгөөд Ерөнхийлөгч нь сонгуульд өрсөлдөх боломжгүй болж ирэх тэр үеэс өөрийн нэрийг дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс хамгийн том сул тал нь бие даасан бус байдал, Мишель Платинигийн дохиогоор ажиллах хүн гэх мэт шүүмжлэлүүд дагасаар ирсэн. Ямартай ч ирэх 3 жилийн хугацаанд хээл хахуулийн асуудлаас нэр нь сэвтсэн ФИФА-г удирдаж, эрх зүйч хүний хувьд шударга шинэчлэлийг эхлүүлэх хариуцлагатай үүрэг түүнд оногдлоо.

Жанни Инфантино хөлбөмбөг сонирхогчийн хувиар Италийн Интер багийн үнэнч дэмжигч гэнэ. Түүний бас нэгэн томоохон давуу тал нь хэлний авьяас бөгөөд Итали, Франц, Герман, Англи, Испани, Араб хэлээр саадгүй ярилцаж чаддаг гэнэ. ФИФА-гийн шинэ тэргүүн эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.227 Томилдоггүй ,сонгуулиар сонгодог юм.