Орон нутаг руу том онгоцоор нислэг хийхээр боллоо

2016 оны 02 сарын 24

Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.

Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Баруун аймгууд руу жижиг онгоц л нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-ийн эхэнд хэллээ. Тус уулзалтад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар оролцсон юм.

Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой гэсэн судалгаа байна гэдгийг Ерөнхий сайд хэлээд хоёр даргыг энэ чиглэлээр санаачилгатай ажиллаж, Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.

Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, нэг агаарын компанийн тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчид, уулчдад маш их ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулахад санаачилгатай ажиллах шаардлага байна. Ингэхдээ МИАТ компани дангаараа биш хувийн компаниудыг оролцуулан, харилцан ашигтай ажиллах зарчмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг агаарын тээврийн салбарт хийх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтраад орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрээд байна. Баруун аймгуудад энэ оны 4 дүгээр сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байна. “АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулна. Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрнэ. Говь-Алтай, Завханыг тусад нь зохион байгуулж болно. Хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолсон. Мөн ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс, хотуудаас зорчигч татах, Улаанбаатараар дамжуулаад дотоодын нислэгт холбох боломжийг судалж байна гэж МИАТ компанийн захирал Т.Тамир хэллээ.

Зохион байгуулалт, эдийн засгийн тооцооллуудаа зөв хийж, том, жижиг онгоцны хослол, төр хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах нь хэрэглэгчдийн эрх ашигт төдийгүй Засгийн газрын зорилтод нийцнэ. Мөн компаниуд харилцан ашигтай ажиллаж, хэрэглэгчдийн цаг завыг ч хэмнэнэ. Дотооддоо том онгоц нисгэх нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээхүйц үйл явдал болно.

Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ болон хувийн компаниуд хамтран дээрх шинэ зарчмын дагуу ажиллаж, дотоодын нислэгийг энэ оны дөрөвдүгээр 15-наас хэрэгжүүлж эхлэх, шаардлагатай асуудал гарвал Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.249 iim bolomj baixgui. tom ongots nisvel baruun 3 aimagt tsaash tugeene gej ulger. aeromongol ni 2xon fokertoi baij ter 2oo tend avaachaad xayax uu. songuuliin show baixaa