“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна

2016 оны 02 сарын 18

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “Эрдэс баялаг 2025”хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа төлөвлөж ирсэн.

Энэ онд “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Орон нутгийн цогц хөгжил- түншлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өнөөдөр эхэлсэн тус хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийг танилцуулж, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон орон нутгийн (Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын) төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох зорилготой гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД