IX Богд Жэвзандамба хутагтын Лагшин эрдэнийг заллаа

2016 оны 02 сарын 15

Шинийн 8-ны билигт сайн өдөр Гандантэгчэнлин хийд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзандамба хутагтын Лагшин эрдэнийг заллаа. Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзандамба хутагтыг XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлсэн гэж үздэг.

Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт юм байна. Өнгөрсөн хугацаанд Богд гэгээнтний шавь нар багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчлан бүтээж шүтээн болгон залжээ.

Мөн энэ үеэр шүтээнийг бүтээхэд гар бие оролцсон бурханч лам Г.Пүрэвбат “Өнөөдөр монгол оронд шашин дахин сэргэж, IX богдынхоо лагшин дүрийг шүтээн болгон залж, мөргөх боломж олдож байгаа нь үнэхээр олзуурхууштай зүйл болж байна. Мөн Богдын маань дээл хувцас, олбогоос эхлээд бүх нарийн нандин зүйлсийг хийхэд Гандан лавран болон Номын гэрээс н.Амгалан, н.Алтангэрэл тэргүүтэй лам нар гардан хийж гүйцэтгэсэн” гэв.