ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РУУ ЗАМД ГАРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААР!

2016 оны 02 сарын 08

Сар шинийн баярын өдрүүдээр цасан шуурга шуурах төлөвтэй тул Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас дараах анхааруулгыг хүргэж байна.

Энэ сарын 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 12-14м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан сэрэмжлэх мэдээллүүдийг үндэслэн ажлаа зохицуулахыг анхааруулж байна.

Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул иргэд та бүхэн холын замд гарахдаа цаг агаарын байдлыг ажиж гараарай.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс сар шинийн баяр болж хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 243 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Нэмэлт тээврийн хэрэгслийн хуваариар энэ сарын 08-ны өдрөөс эхлэн 14-ний өдрийг дуустал үндсэн 932, нэмэлтээр 243, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД