2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ

2016 оны 02 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өнгөрсөн сарын 4-нд өргөн мэдүүлсэн.

Тогтоолын төсөл нь нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг багтаасан бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар түвшинд хүрсэн байхыг тусгасан бодлогын баримт бичиг юм. Тухайлбал, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17,500 ам. долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтана. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэх зэрэг зорилтыг тусгаад буй.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тогтоолын төслийн хэрэгжилтийг хоёр жил тутамд дүгнэж байх зохицуулалтыг оруулж өгсөн гэсэн тайлбарыг хийж байв. Мөн тогтоолын төслийн нэршлээс "урт хугацааны" болон "2016 гэсэн үгийг хасч, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он" болгон өөрчиллөө.

Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалт явуулсаны дараа 79,2 хувиар саналаар тус тогтоолын төслийг бүхэлд нь батлав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.210 Olon zuuh utaagui tulsh ugch utaa buuruulna gej bhaar gertei ailuudaa bugdiig ni tsahilgaanaar halaaj tulburoos ni chuloolvol urt nasalj 78 hureh bailgui.
59.153.112.69 Тэтгэвэрт нь өгөх мөнгөггүй байж 78 хүргэж яах гэсийн. 60 гаргаад л ард түмнээ унтуул. Энэ утаа мутаагаа бууруулаад ч хэрэггүй.