Хонконгд ял эдлэж буй 26 монгол иргэнийг шилжүүлэн авчрах боломж бүрдлээ

2016 оны 02 сарын 04

Хууль зүйн сайд Д. Дорлигжав  нэгдүгээр сарын 31- ээс хоёрдугаар сарын 2-нд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд ажлын айлчлал хийлээ.

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2012 онд Хонконгд хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулахаар тохиролцсон юм.

Энэ удаагийн айлчлалын үеэр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т  Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн  Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Хууль зүйн яамны Хяналт-шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г. Цэцгээ, Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн М. Мөнх-Алдар, Хонконг дахь консул Ц. Оч, дэд консул Б. Галданжамц нар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын 6 иргэнтэй уулзаж, тэдний хоригдож буй орчин нөхцөлтэй танилцан, хоёр орны хооронд байгуулсан ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн талаар тайлбарлан зөвлөгөө өглөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД