Дэлхийн шилдэг ИХ, ДЭЭД сургуулиудыг хэрхэн эрэмбэлдэг вэ

2016 оны 02 сарын 04

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгөх, тэдгээр шалгуур үзүүлэлтүүд нь манай орны их, дээд сургуулиудад хэрхэн тусгалаа олох боломж буйг Сиднэй их сургуулийн туршлагатай харьцуулсан судалгааг гаргажээ.

Дээд боловсролын чанар, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ нь хоорондоо уялдаатай хэдий ч, шилдэг их сургуулийн тоонд багтах нь сургалтын чанарыг бүрэн тодорхойлно гэж хэлэх боломжгүй юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудыг шалгаруулах хэд хэдэн шинжээчдийн баг өөрсдийн судалгаанд үндэслэж, жил бүр шилдэг их, дээд сургуулиудыг зарладаг. Тэдгээрийн судалгаандаа ашиглаж буй аргачлал, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо ялгаатай төдийгүй бүх их сургуулиудад баримтлах боломжгүй байдаг. Түүнчлэн ихэнх тохиолдолд шилдэг 100 эсвэл 500 их сургуулийг эрэмбэлж байгаа нь тухайн эрэмбэд багтаагүй их сургуулиудын чанарыг хэрхэн тодорхойлох, эхний 100-д багтах эсвэл 200-д багтах нь чанарын үнэлгээнд ялгаатай байх эсэх талаар судлаачид асуудал дэвшүүлсээр байна.

2012-2013 оны дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлсэн мэдээллийг харвал ARWU (Academic ranking of world universities) –c гаргасан эрэмбээр дэлхийн шилдэг 500 их сургуулийг Харвардын их сургууль тэргүүлсэн байхад,  Times Higher Education World University Rankings –н эрэмбээр Калифорни Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль дөрөвт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Харин QS World University Rankings- н эрэмбээр Масачустс Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль гуравт эрэмбэлэгджээ. (Ерөнхий үзүүлэлтээр гаргасан энэхүү эрэмбээс гадна шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргасан эрэмбүүд бий). Их, дээд сургуулиудыг ямар шалгуураар, хэн, хэзээ, хэрхэн яаж эрэмбэлж байгаа талаар авч үзье.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаарх тойм

1983 онд АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалт анх удаа U.S News & World Report –д хэвлэгдсэнээр их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээр татжээ. Үүнээс хойш нэлээд хэдэн орны томоохон хэвлэлүүд дотоодын их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээллийг нь олон нийтэд хүргэж эхэлсэн байна. Үүнд Их Британийн The Times, The Guardian. Канадын Maclean’s, Европын The Times, Азийн Asiaweek зэрэг мэдээллийн хэрэгслийг дурьдаж болно.Одоогоор их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээлэл нь дэлхий нийтэд танигдсан шинжээчдийн гурван баг байна. Эдгээр эх сурвалжийн талаар болон баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг харъя.   

1.ARWU (Academic Ranking of World Universities)

ARWU гэсэн нэрээр олонд танигдсан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох судалгааны баг нь  БНХАУ-ын Shanghai Jiao Tong их сургуулийн Дээд Боловсролын Хүрээлэнд хамаардаг. ARWU нь их, дээд сургуулийн эрэмбийг байгалийн шинжлэх ухаан болон математикийн салбар (Natural sciences and mathematics -SCI), инженер, технологийн болон компьютерийн шинжлэх ухаан (Engineering/technology and computer sciences -ENG), Амьд организм болон хөдөө аж ахуйн шинжлэх ухаан (Life and agriculture sciences -LIFE), Анагаах болон эм зүйн салбар (Clinical medicine and pharmacy- MED), нийгмийн шинжлэх ухаан (Social Sciences -SOC) гэсэн 5 салбараар гаргадаг. ARWU нь академик сургалт болон судалгааны ажлын гүйцэтгэлд үндсэн 6 үзүүлэлтийг баримталж их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг байна.

Тухайн их сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал -10%
Тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдаас Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал- 20%
21 салбар судлагдахууны хүрээнд хамгийн их ишлэл болсон судалгааны ажил- 20%
Nature and Science (N & S)- д хэвлэгдсэн өгүүлэл- 20%
Шинжлэх ухааны бүтээлийн ишлэлийн индекс (Science Citation Index- SCI) Нийгмийн шинжлэх ухаааны бүтээлийн ишлэлийн индэкс (Social Science Citation Index- PUB)- багтсан өгүүлэл- 20%
Тухайн их сургуулийн нэг хүнд ноогдох үзүүлэлт (дээрх 5 үзүүлэлтийн нийлбэрийг тухайн сургуулийн нийт багш, эрдэмтдийн тоонд хуваана) -10%

Хамгийн сүүлийн мэдээгээр дээр дурьдагдсан үндсэн 6 шалгуур үзүүлэлт дээр шинжлэх ухааны салбар тус бүрд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний шилдэг 20 сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон инженерийн салбарын судалгаанд зарцуулсан хөрөнгө гэсэн хоёр үзүүлэлт нэмэгдэж байгаа юм байна.

2.Times Higher Education World University Ranking 

Британийн Times Higher Education сэтгүүлээс гаргадаг энэхүү их, дээд сургуулийн эрэмбэ нь Thomson Reuthers- ийн ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийн баазад түшиглэдэг байна. Ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр их, дээд сургуулийг эрэмбэлэх бөгөөд сургалт, судалгаа, мэдлэгийн хөрвөлт, олон улсын түвшинд үнэлэгдэх байдал зэргийг багтаадаг судалгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД