Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2016 оны 01 сарын 28

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орсон талаар болон чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг уншиж танилцуулав.

Мөн намын бүлгүүд хэлэлцэж буй асуудлаар завсарлага аваад байгаа учраас Цагаан сарын дараа чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулахаас аргагүй болж байгааг хэлж, иймд Цагаан сарын маргааш ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй бол хуваарилсан асуудлуудыг хэлэлцэж дуусахгүй гэдгийг анхааруулсан юм.

МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс уг асуудлаар 5 хоногийн завсарлага авав.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тавьсан асуултад Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 56.9 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Д.Арвин асуулт асууж хариулт авав.

Гишүүдийн зүгээс 350 машиныг татвараас чөлөөлнө гэж байна. Оруулж ирж байгаа машинуудын тоог цөөрүүлж, дотооддоо ашиглах машин хэр байгааг харж үзэх хэрэгтэй. АСЕМ-ын хурлыг Монгол Улсад зохион байгуулах арга хэмжээг дэмжиж байгаа, харин бэлтгэл ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэйг хэлж байсан юм.

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өгсөн тайлбартаа, арга хэмжээ хоёр өдөр болохоор харагдаж байгаа боловч энэ нь бүхэл бүтэн хоёроос гурван сарын хугацаанд зургаагаас долоон удаагийн олон улсын арга хэмжээ болно. 5 дугаар сараас 7 сар хүртэл сайд нар, парламентын гишүүд, олон нийтийн байгууллага, бизнесийн уулзалт гээд бие даасан том арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энд ирж байгаа хүмүүс бүгд өөрсдийн зардлаар ирж байгаа нь тодорхой хэмжээний аялал жуулчлалын хөрөнгө оруулах байх болно гэж үзэж байгаа. Зохион байгуулж байгаа улс нь өөрөө тодорхой хэмжээний үүргүүдийг гүйцэтгэдэг. Анх удаа төр, засгийн тэргүүний хэмжээний олон хүмүүс нэг дор ирэх гэж байгаа нөхцөл байдал нь өөрөө манай ложистик болон аюулгүй байдлыг хамгаалах асуудал дээр хамгийн анхны сорилт болж байгаа. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадах юм бол Монгол Улсад дэлхийн хэмжээний бүх том арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл хангагдана гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам холбогдох байгууллагууд, гадаад, дотоодын туршлагатай байгууллагуудтай маш сайн хамтарч ажиллаж байна. Тэднийг тодорхой хугацаагаар ложистик болон аюулгүй байдлын чиглэлээр авч ажиллуулах асуудлаар яриа хэлцэлүүд хийгдэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тодорхой асуудлуудаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улсын Их Хуралд хандах асуудлууд гарна. Мөн оруулж ирж байгаа асуудал Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй гэв.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцоно. Зохион байгуулалтын ажил идэвхтэй явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг 7 хоног бүр хуралдаж асуудлаа шийдээд явж байгаагийн зэрэгцээ Ажлын албанаас улс бүр, гишүүн бүртэй харьцаж, энэ чиглэлээр хийх ажлыг цаг хугацаанд гүйцэтгэж байгаа гэдгийг хэллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж Д.Арвин Н.Батбаяр, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар үг хэлэв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 77.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Байнгын хорооны саналаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 72.3 хувийн саналаар дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 77.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулав.

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд 2005 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусгавар болоод байна.

2015 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан билээ.

Иймд эдгээр зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг өөрчлөх нь зүйтэй байгааг танилцуулгад дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 77.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь анх 1995 онд батлагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй бөгөөд одоо байгаа хуулийн зарим зүйл, заалтууд хуучирсан, холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хэрэгжих боломжгүй болсон байна. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэнийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг, Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар, С.Бямбацогт нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар Ч.Хүрэлбаатар нарын зүгээс хуулийн төслөө татаж авах асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд хууль санаачлах эрхтэй гэж заасан. Энэ дагуу хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн суурь зарчмаар төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа бол түүнийг хэрэгжүүлдэг бололцоо нь байх ёстой, тэр болгонд ард түмэн асуудлыг шийддэг байх ёстой. Үүний үндсэн дээр энэ асуудлыг оруулж ирж байгаа. Ард түмний хууль төрөх цаг болсон. Энэ үүд хаалгыг нээж өгөхийг та бүхнээс хүсмээр байна гэдгийг хэлсэн юм.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжүүлэн хэлэлцэхээр болж чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД