Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хийхээр боллоо

2016 оны 01 сарын 20

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, Шүүх байгуулах тухай хуульд, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон. 

Гэвч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Үндсэн хууль зөрчсөн байна гэж  үзсэн билээ.  

Цэцийн энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан бөгөөд түүнийг Улсын Их Хурал хэлэлцээд  хүлээн авсан байна.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлов.

Мөн нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж өргөдөл, мэдээлэл ирүүлжээ.

Үүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болно

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД