С.Эрдэнэ: Ирээдүйд тэтгэвэр авагчдын тоо хоёр дахин өснө

2016 оны 01 сарын 20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байгаа юм. 

Хэрэв тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ улам нэмэгдэхээр байгаа тул уг хуулийн төслийг Засгийн газар яаралтай дэгээр хэлэлцэхээр оруулж ирсэн. 

Хэлэлцүүлгийн шатанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, "Ирээдүйд одоогийн тэтгэвэр авагчдын тоо хоёр дахин өснө. Тэр үед тэтгэврийн эрсдэл бодит зүйл болж хувирах учир одоо яаралтай шийдэх хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлж байв.

Одоогийн байдлаар ирээдүйн тэтгэврийн сан нь бодит мөнгөн хөрөнгөгүй, зөвхөн бичилт хийх хэлбэрээр явж буй. Иймд энэ хуулиар тэтгэврийн санг мөнгөжүүлж, эрсдлийг бууруулах юм.

Ингээд тус хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.28 tetgevriin nasiig nemeh nuhtsul byrdeegyi shy dee. herev nemeh bol sanalaaraa gardag baij bolohoor hiih heregtei
202.131.235.74 lalar s.erdene bitgii davar
183.81.169.58 тэтгэврийн насыг нэмэх тухай яриа юу болсон бэ? түүнийгээ хурдхан нэмчихвэл эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гарыг харалгүй , тэдэнд төвөг бололгүй байж байгаад нүд аних боломжтой болно.
183.81.169.58 яаж
  • 2016 оны 01 сарын 21