“Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа

2016 оны 01 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-г хэлэлцэн дэмжээд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

“Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа. “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан энэ дүрмийг шинэчлэх шаардлага гарсан байна. 

"Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг хавсралтаар баталлаа. Ингэснээр тээврийн болон соёлын үйл ажиллагаанд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хүндрэл учрахгүй бөгөөд соёлын биет өвийг аюулгүй зөөж тээвэрлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх үүрэг тодорхой болно гэж үзэж байна.  

“Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 55 дугаар тогтоолын 1.5-д “Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах” гэснийг ”БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулах” гэж өөрчиллөө.

"Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД