Сар шинийн дээл, бүс, гутлын үнэ ханш

2016 оны 01 сарын 19

Монгол түмний үндэсний баяр Цагаан сар айсуй. Уламжлалт энэ баяраар хүн бүр л шинэ дээл хувцас өмсөж, өнгөтэй өөдтэй шинэ сараа угтахыг хичээдэг.

Монгол дээлийг ахмад настан, азай буурлууд л өмсдөг гэсэн түгээмэл ойлголт хэдийнэ үгүй болж залуучууд ч үндэснийхээ хувцсыг чухалчлах болсон. Тиймээс бид сар шинийн гоёл болох дээл, малгай, бүс, гутал, хөөрөгний үнэ ханшийг сонирхон “Нарантуул” худалдааны төвийг зорилоо.  Захын үнэ дэлгүүрийнхээс харьцангуй хямд байдаг учир тус төвийг сонгосон юм. Эдийн засгийн хямрал айл бүрт нөлөөлж буй энэ үед хэрэгтэй мэдээлэл болох биз ээ.

Тус худалдааны төвд үдээс хойш буюу 15:00 цаг орчимд очиход энгийн өдрүүдийг бодвол хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. “Цагаан сар” дөхсөн учраас ойрд үйлчлүүлэгч нар ихтэй байна. Гэхдээ үдээс өмнө харьцангуй бага байдаг” гэж тус захын дээлний худалдаачин С.Нарантуяа хэллээ.

Бидний орсон эхний тасаг бол монгол хувцасных байсан юм. Энд хийц, материалаасаа хамаарч монгол дээл 120-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүннү захтай эрэгтэй дээл 160-300 мянга, эмэгтэй нь 100-250 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд хосоор нь авбал илүү хямдруулах аж. Эмэгтэй хүний торгон дээл 100-250 мянга, кашмер материалтай нь 150-200, харин хурган дотортой дээл 900 мянгаас-1,2 сая хүртэл төгрөгийн үнэтэй байгаа аж.  Харин дан хантааз том хүнийх 70-100 мянга, хүүхдийнх 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Эрэгтэй хүний дээлнүүд эмэгтэйгээ бодвол 20-50 мянган төгрөгөөр нэмүү үнэтэй байлаа.

 


Худалдаачдын ярьж буйгаар энэ жил хямралтай байгаа болоод ч тэр үү хүмүүс дээл гэхээсээ илүү хантааз, дан цамц сонирхож байна.

Дээл урьд жилийхээс ялгаагүй үнэтэй байна. Загвар хийцийн хувьд ч арвин сонголттой болсон.

Хямд төсөр материалаар чамин загварын дээлнүүд хийж өмсөхийг хүүхнүүд маань эрмэлзэх болжээ” гэсэн юм.

 

Бидний очсон дараагийн лангуу бол бүснийх.

Урд хөршөөс оруулж ирсэн дурдан бүсний үнэ 10-55мянга, дуураймал мөнгөн бүс болон хөнгөн цагаан бүснүүд 18-55 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин нарийхан чулуун гоёлтой бүс 30 мянган төгрөгөөр зарагдаж буй юм. Харин жинхэнэ мөнгөн бүс 300 мянган төгрөгөөс эхэлж байна.

Сар шинээр өмсөх малгай энд төрөл төрлөөрөө байна.

Арьсаар хийж булгаар эмжсэн дөрвөн талтай малгайны үнэ 65 мянгаас эхэлж байгаа бол үнэгэн малгай 80-150 мянган төгрөгийн ханштай байна.

Бүрх малгай 40-70 мянга, жанжин малгай 12-18 мянган төгрөгийн үнэтэй аж.

Малгайны тасгаас гарч гуталны лангуунуудыг зорилоо.

Монгол гутал загвар хийц, хээнээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр байна. 32 угалзтай монгол гутал 150 мянган төгрөг, битүү хээтэй монгол гутал 250 мянга, ээтэн хоншоортой арьсан гутал эмэгтэй нь 80 мянга, эрэгтэй нь 100 мянган төгрөг байна.

Хромон гутал хийц материалаасаа хамаарч 150- 300 мянга, буриад гутал 35-45 мянган төгрөгийн үнэтэй байлаа.


Бид хамгийн сүүлд хөөрөгний тасгаар зочиллоо. Энд хамгийн хямдхан хөөрөг 5000 төгрөг байгаа бол хамгийн үнэтэй чулуун хөөрөгнүүд 1 саяас 15 сая төгрөг байсан юм. 100-аас дээш мянган төгрөгийн хөөрөг худалдаж авбал хөөрөгний даалин, тамхи урамшуулалд нь өгч байгаа юм билээ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.118.180 малгайны загваруудыг сайтар тодорхой төрөл төрлөөр нь оруулаад өгөх хэрэгтэй байна шүү.
203.91.118.180 харин тийн.
  • 2018 оны 02 сарын 19