Сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос өдрийн хоолоо авдаг

2016 оны 01 сарын 18

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааг сургуулийн орчинд сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний нэр төрлийг тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор ДЭМБ-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оны 2-12 сард хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа. 

Асуумж судалгаанд бага, дунд, ахлах ангийн нийт 1408 сурагч хамрагдав

Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож дүүрэг тус бүрээс орон сууцны болон гэр хорооллын 2 сургуулийг тус тус хамруулжээ. Сонгогдсон сургуулийн 5-12 дугаар ангиудаас бүлэг тус бүрээс төлөөлөх нэг, нийт 3 ангийг санамсаргүй байдлаар сонгож, тухайн ангийн бүх сурагчдаас сургууль, түүний орчмоос голлон авч хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг асуумжийн аргаар тодруулсан байна. Асуумж судалгаанд бага, дунд, ахлах ангийн нийт 1408 сурагч хамрагдав.

Сонгогдсон сургуулиуд, тэдгээрийн ойр орчмын 250 м дотор хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ТҮЦ, дэлгүүр, цайны газруудаас сурагчдын түгээмэл хэрэглэдэг 67 нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүний нийт 200 дээж цуглуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалтын горим, шошгийн мэдээлэлд үнэлгээ өгсөн аж. Мөн цуглуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжинд хими, хор судлал, хүнд метал, хүнсний нэмэлт, нян судлалын гэсэн 5 төрлийн шинжилгээг хийж, нийт 22 үзүүлэлт тодорхойлсон.

Сурагчдаас авсан асуумж судалгаа, хоол, хүнсний бүтээгдэхүүний дээж авалтын асуумжийн мэдээллийг кодлон Epi-Info программд оруулж, оруулсан мэдээллийн алдааг шалган засварлаж, үр дүнгийн боловсруулалтыг Windows SPSS 19  программыг ашиглан дескриптив дүн шинжилгээ хийсэн гэнэ.

Сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос өдрийн хоолоо авдаг

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг байна. Сурагчид сургуулийн орчинд ундаа (66.0%), пирожки (55.1%), зайрмаг (48.4%), чихэр (39.1%) зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг нь харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муутай бүтээгдэхүүнүүд байна. Сурагчдын дөнгөж 5% нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сурагчид пирошкийг 7 хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг нь хүүхдүүдийн хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүн болж байна. Сурагчдын дунд хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглах дадал 70.0 хувьтай ба тэд шошгон дээрээс ихэвчлэн хадгалах хугацааг хардаг байна.

22.jpg

Сурагчдын тал хувь нь пирошкиноос болж хордсон гэв

Сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тэдний тал хувь нь пирошкиноос болж хордсон гэж хариулжээ. Хордлого үүсгэсэн хоол хүнсний дийлэнх хувийг пирожки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоолнууд эзэлж байна. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд 2-оос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна.

Сурагчдын хамгийн их авч иддэг бүтээгдэхүүнүүд шинжилгээний бичиггүй байна

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний хадгалалтын нөхцлийг судлахад, торт, кекс, напелеон тортны 88.9 хувь, савласан сүү, тарагны 22.2 хувь, түргэн хоол болох пицца, бургер, хотдог зэрэг хоолны 15 хувийг ил задгай нөхцөлд худалдаалж байв. Мөн нийт дээжийн 61.8 хувьд лабораторийн шинжилгээний дагалдах бичиг баримт байхгүй байна.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний илчлэг муу байна

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна.

Эдгээр бүтээгдэхүүний 7.5 хувь нь дунд зэргийн давстай, 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан ба давс багатай ангилалд хамаарах бүтээгдэхүүн байгаагүй.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь сахар нэмсэн бүтээгдэхүүнүүд байв. Үүнд: бүх төрлийн чихэр, ундаа, зайрмаг, печень, бохь, шоколад, чипс, хатаасан жимс, напелеон торт, кофе орж байна.

Өөх тосны агууламжаар чипс, торт кекс, жигнэмэг, шоколадны тосны хэмжээ хамгийн өндөр байгаа ба мөн цайны газрын хоолны тослог дунджаар 17.6 гр байгаа нь тослог ихтэй байгааг харуулж байна.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний хими, нянгийн бохирдол: Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байгаа бөгөөд шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна. Эдгээр будагч бодис дотор олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт байгаагүй боловч Е102, E110, E122, E124, E129 зэрэг зарим улс орнуудад хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн будагч бодис байна. Эдгээр нь хүнсний будагч бодисыг хүүхдэд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож,ЕХ-нд хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөнд идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихаар хуульчилсан байна. Хүнсний будагч бодисоос гадна сахар орлуулагч болох аспартам (E951), нимбэгний хүчил (E330), бикарбонатнатри (E500), глутамат натри (E621) зэрэг нэмэлт бодисууд хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн нь ЗДХ-ээс хэтрээгүй байна.

Хүнсний бүтээгдэхүүний хүчиллэг тодорхойлоход анар жүүс, 370 ундаа, гоё жүүс, капризон ундаа, маамуу жүүс, В15 ундааны хүчиллэгийн агууламж стандарт хэмжээнээс их байна. 

piroshki.jpg

 Хорт бодисын шинжилгээгээр шинжилсэн хүнсний бүтээгдэхүүнүүдэд афлатоксин, меламин зэрэг хорт бодис илрээгүй, харин алим, мандарины дээжинд дельтаметрин, прометрин, циперметрин, фенвалериат зэрэг пестицидүүд илэрсэн нь хэмжээний хувьд ЗДХ-ээс хэтрээгүй байна.

Хүнд металын шинжилгээгээр нийт шинжилсэн хоол хүнсний 123 дээжийн 3.2% буюу 4 дээжинд кадьмийн агууламж 0.003-0.077мг/кг илэрсэн нь ЗДХ-ээс илүү, нийт шинжилсэн дээжийн 10.5% буюу 13 дээжинд хар тугалгын агууламж ЗДХ-ээс их хэмжээтэй илэрсэн. Кадьмийн агууламж өндөртэй хүнсэнд ундаа жүүс, хар тугалгын агууламж өндөртэй хүнсэнд төрөл бүрийн хоол, салат, эх орны үйлдвэрийн болон импортын печень, вафль, аарцны ундаа, ундаа жүүс орж байна.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилсэн дээжийн 2-9.8% нь E.coli, Bacillus cereus зэрэг хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгаар бохирдсон, 3.6% нь хөгц мөөгөнцрийн бохирдолтой байна. Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, бууз, хуушуур, пирожки зэрэг түргэн хоолнууд болон ширхгийн хоолнууд орж байгаа ба мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг зарим хоол, салатны төрлүүд байна.

 Эх сурвалж: НЭМХ-ийн Хоол судлалын төв

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.161 Өдий болтол сургуулийн хүүхдийн хоолыг зохицуулж чадаагүй энэ төр ичиг, ичиг. Гудамжны гуйлгачин шиг гуанзнаас пирошки идүүлж, ирээдүйгээ хооллодог хүмүүс манайхаас өөр байна уу. Сургуулийн хоолны газар гэж албан ёсоор байгуулаад, эрүүл мэндийн баталгаатай, шим тэжээлтэй хоолыг боломжийн үнээр яагаад хүүхдүүдэд хүргэж болохгүй гэж...Ёстой арчаагүй юм аа бид нар.
103.57.95.68 би ч тэгээд 50-ийн ундаа, 50-ийн гөөхий идсээр байгаад арван жилээ өнгөрүүлсэндээ хөөрхий, бие маань тийм ч өсгөлүүн биш. Одооны хүүхдүүд их сайхан болжээ.