Б.Бундхорол: Ёс суртахуунтай хүмүүсийг төрд гаргах хэрэгтэй

2016 оны 01 сарын 14

Б.Бундхорол гэх энэ залуу өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн олон хоногийн турш “Чингис хааны талбай”-д чимээгүй суулт хийж, түүнийгээ "Уншихгүйгээс хойш гээд уриа лоозонгүй, сонсохгүйгээс хойш гээд дуугүй суулт хийж байна" хэмээн тайлбарласан нь олон хүний анхаарлыг татаж буй. Тэрбээр шинэ оны өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд “Дуугүй суулт”-аа зогсоосон юм. Тэгвэл тэр улс төрийн тэмцлийнхээ дараагийн үе шат болох “Гарын үсэг цуглуулах”  цуглааныг маргаашнаас эхлэн төв талбайд хийхээр болсон аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Та хаана, ямар ажил эрхэлдэг вэ?

-Би Өвөрхангай аймагт төрж өссөн. 15 жил “Эрдэнэ-Зуу” хийдэд шавилан суусан юм. Түүнчлэн боловсролын байгууллагад долоон жил ажилласан. Улаанбаатар хотод гурван жилийн өмнө орж ирсэн бөгөөд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг Монгол Улсын жирийн нэг иргэн.  Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа.

-Яагаад улс төрийн тэмцэл хийх шийдвэрт хүрэв?

-Сүүлийн үед нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж, ядуурал, ажилгүйдэл ихэсч, эдийн засгийн байдал хэцүү болчихлоо. Хүн бүр үүнийг мэдэрч байгаа шүү дээ. Бухимдсан иргэд өөрийгөө шатааж, өлсгөлөн зарлаж, буу шийдэм бариад төрийн ордон руугаа орох гэж ч үзлээ. Ойр ойрхон жагсаал цуглаан хийх боллоо. Харин би тэднийг нийгмийн шар гэрэл болж буй хүмүүс гэж хардаг. Автомашины бензин дуусах дөхөөд ирэхээр шар гэрэл анивчиж дохио өгдөг. Харин эдгэээр хүмүүс нийгэм шинэчлэгдэх хэрэгтэйг сануулсан дохио болж буй юм. Тэгвэл би ч бас нийгэмд шар гэрлийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй юм байна хэмээн бодсон. Залуу хүний хувьд компьютерийн ардаас шүүмжлээд суухаас илүү өөрийн биеэр ард түмэнд мессэж өгөхийг хүссэн юм.

-Сонгууль ойртсон учраас таныг улс төрийн шоу хийж байна гэж харах хүмүүс олон байгаа байхдаа?

-Хүмүүс намайг улс төрийн шоу хийж байна гэж харах аюултай гэж бодсон учраас “Дуугүй суулт” хийж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахыг хүсээгүй. 2016 оны сонгуульд өрсөлдөх гэж байна эсвэл аль нэг намын захиалгаар суулт хийж байна хэмээн хардах хүмүүс мэдээж байгаа байх. Харин би ямарч улс төрийн нам, хэн нэгний гар хөл биш бөгөөд ирэх сонгуулиар хэний ч сонгуулийн ажилд оролцохгүй, аль ч шатны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ амлаж чадна. Төрийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд ямар нэгэн намын харьяалалгүй. Тиймээс намайг шалгаад ч ямар нэг “но” гарч ирэхгүй. Энэ бохир нийгмийг шинэчлэхгүй бол болохгүй шүү гэдэг дохиог л  ард түмэнд ойлгуулах гэж хичээж байна.

-Та төв талбай дээр 31 хоног суулт хийх хугацаанд иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

-“Дуугүй суулт”-ын эхний долоо хоногт хүмүүс нэг их анзаарахгүй байсан. Хоёр дахь долоо хоногоос намайг тамхи, бохь зардаг хүн гэж бодож эхэлсэн. Маш олон хүмүүс ирж “Ширхэгийн тамхи байна уу” гэж асуусан шүү. Энэ бол эдийн засаг маш их хямарч байгааг харуулж байна. Үстэй дээлтэй, дэгтийтэй хүн сууж байхыг хараад монголчуудын толгойд шууд л тамхи зардаг хүн гэсэн ойлголт бий болжээ. Жижиглэнгийн худалдаа ихсэж буй нь тухайн нийгэмд эдийн засаг хямралд өртсөнийг харуулдаг юм билээ.  Тамхи, бохь зарж буй үстэй дээлтэй, дэгтий өмссөн, өвлийн хүйтэнд гадаа бээрч сууж буй тэдгээр хүмүүс амьдралаа зогоох өөр ямар ч аргагүй болсон учраас л тэр шүү дээ. 2012 онд Монголын эдийн засаг нэлээд өссөн үзүүлэлттэй байдаг. Тэр үед жижиглэн худалдаа бараг байхаа больсон. Харин одоо Улаанбаатар хотын төв талбайд хүртэл “ТҮЦ” ажилладаг боллоо. Тиймээс миний дүр төрхийг хүмүүс тэр өнцгөөс нь хүлээж авах нь аргагүй биз.

-Маргаашнаас та тэмцлийнхээ хоёрдугаар шат буюу цуглааныг зохион байгуулна гэж байна. Тэгвэл өмнөх “Дуугүй суулт” тань үр дүнд хүрсэн гэж үзэж байна уу?

-Миний хувьд өөрийн хүссэн үр дүндээ хүрсэн гэж үзэж байгаа. Хүмүүс үр дүнг их томоор төсөөлөөд байх шиг. Учир нь надаас “суулт хийж байх хугацаанд чинь Ерөнхийлөгч уулзсан уу, УИХ-ын гишүүд гарч ирсэн үү” гэх мэт асуулт асуудаг. Харин би хариуд нь тэд нартай уулзах ямар ч шаардлагагүй гэж хэлдэг. Хэрэв би уулзах байсан бол ном журмынх нь дагуу цаг аваад уулзаж болно шүү дээ. Нөгөө талаас энэ нийгмийн нэг авууштай тал нь тусгаар  тогносон, ардчилсан орны иргэд учраас зөвшөөрөл аваад төв талбайд тэмцлийн ямар ч хэлбэрээр жагсаал, цуглаан хийж болох эрх чөлөө бидэнд байгааг суулт хийж байхдаа илүү ойлгосон шүү. Энэ том маш том давуу тал.

-Суулт хийхээс гадна “фэйсбүүк” хуудсаар та хүмүүсийг их уриалдаг шүү дээ. Тантай нэгдье гэсэн хүмүүс хэр олон байна вэ?

-Би хүмүүст мэдээллээ түгээдэг ганц суваг бол “фэйсбүүк”. Би хүмүүсийг зөв нийгэмд уриалж эхэлсэнээр намайг маш олон хүмүүс “фэйсбүүк”-ээр дамжуулан таньдаг болсон. Мэдээллээ хүртээмжтэй болгохын тулд пэйж хуудас ч нээсэн. Дээр дурдсанчлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж бус өөрөө бодит мэдээлэл өгөх нь илүү ач холбогдолтой болов уу гэж боддог.

-Таны дээр хэлсэнчлэн нийгэмд маш олон асуудал бий. Гэвч бүгдийг нь нэг дор эмчилнэ гэвэл худлаа байх. Хийж буй тэмцэл тань нийгмийг аль талаасаа илүү өөрчилж, үр дүнд хүрээсээ гэж бодож байгаа вэ?

-Монголын нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар улс төрчид ярихдаа Үндсэн хууль, төрийн системийн буруу гэх мэтээр ярьдаг. Миний хувьд бол нийгмийн хамгийн эхний өөрчлөх шаардлагатай зүйл бол монгол хүний ёс суртахуун гэж боддог. Бид ёс суртахууны доройтолд хэтэрхий автчихсан байна. Жишээ нь: “Приус” машины аюулгүй ажиллагааны дүрмийг өөрсдөө баримтлахгүй байж хамгийн муу машин гэх. “Социализмийн үед бид “Москвич”-тэй сайхан байжээ, 13-дугаар зуунд морин тэрэгтэй болдог л байсан шүү дээ” гэх мэт ямар ч ёс суртахуунгүй зүйл ярьж бусдыгаа уриалдаг. Харин ч бид 21 дүгээр зуунд амьдарч байгаагийн хувьд техник технологитой зөв харьцаж сурах чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Эндээс л бидний ёс суртахууны асуудал эхэлнэ. Ёс суртахуунтай хүн л энэ нийгмийг авч явна. Хичнээн дэлхийн нэртэй сургуульд сурсан ч ёс суртахуунгүй бол тэр хүн өөрийгөө л бодно уу гэхээс бусдыг ойлгох ухаан дутна. Өнөөдөр Монгол Улсад яагаад эдийн засгийн хямрал нүүрлээд байна вэ гэвэл төрд байгаа хүмүүс нь ёс суртахуунгүй учраас зөвхөн өөрийгөө бодож ард түмэн, эх орноо золиосонд гаргаж чадаж байгаад байгаа юм. Ёс суртахуунтай хүмүүс л төрд орж ирсэнээр Монгол Улсыг хөгжүүлнэ. Тиймээс хамгийн сэтгэлд хүрээгүй улс төрчдийг ард түмний саналаар тодруулж, тэдгээр хүмүүсийг дахиж нэр дэвшүүлэхгүй байх хүсэлтийг намуудад нь хүргүүлэх юм. Энэ ажлын эхний хэсэг нь “Дуугүй суулт” байсан бол хоёр дахь шат нь маргаашнаас эхлэн “Цагаан сар”-ын баяр хүртэл талбай дээр иргэдийн саналыг авах цуглаан зохион байгуулах гэж байна. Үүний дараа хөдөө орон нутагт очиж иргэдийн саналыг авнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.20 Ёс суртахуунгүй нийгэм болсон гэдэг нь үнэн. Түүний доройтлоос болоод хѳгжил биш ядууралруу ороод бна гэсэнтэй санал нэг бна. Гэхдээ энэ залуугийн ёс суртахуун гэж ойлгодог юм нь юу юм бол гээд гайхаад байх юм. Техниктэй зѳв харьцаж сурах юм бол зѳвхѳн ѳѳрийгѳѳ бодох сэтгэхүй яаж засардаг юм бол гэдгийг ухаад олсонгүй дээ
122.201.31.16 Demjih bn
93.208.118.168 Sotsializm ni hamaagui deer bsan yum bna
93.208.118.168 Demjij bn oshoo olon hund sherleerei
  • 2016 оны 02 сарын 17
93.208.118.168 demjij bn
  • 2016 оны 01 сарын 15
93.208.118.168 Haha helj duusaagui bhad
  • 2016 оны 01 сарын 14
93.208.118.168 Haha helj duusaagui bhad
  • 2016 оны 01 сарын 14
124.158.74.119 buhimdal neeree ikh baina neg bol ene niigmiig ter chigeer ni oorchlokh heregtei yum baina bid ene zamaar yavlaa garts baidaggui yum baina chiglelee oorchlokh tsag negent bolchikhson yum baina gedeg ni bolj baikh shig baina