Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт хууль батлагдвал эдийн засаг өснө

2016 оны 01 сарын 12

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Олон жил ашиглагдаагүй хуримтлагдсан овоолго, хаягдлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулахтай холбогдох харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан аж.

Хуулийн төсөл батлагдан гарснаар уул уурхайн салбарт ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн орчин тодорхой болж, улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэргээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж буй юм.

Жоншны экспорт огцом буурснаар Хэнтий, Дорноговь, Дундговь аймгуудад жоншны олборлолт явуулж байгаа 43 уурхай дээр бага агуулгатай жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрсэн. 1997 онд Монгол Улсад бүртгэгдсэн алтны 498 шороон орд, 31 үндсэн ордод нийтдээ 320 тонн алтны нөөцийг бүртгэсэн байсан бол өнөөгийн байдлаар 608 шороон орд, 75 үндсэн ордын овоолгод 40-45 тонн алт хаягдсан гэсэн тооцоо байна. Мөн 2014 оны байдлаар 30 гаруй нүүрсний уурхайгаас 24.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд олборлолтын явцад ойролцоогоор 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжжээ.

Нүүрс олборлох явцад хаягдсан нүүрсний хэмжээ ойролцоогоор 11.5 сая тонн орчим байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эдгээр овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД