Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдал

2015 оны 12 сарын 31

Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлсэн. Үүнээс бид Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн энэ жилийн автозам засвар, шинэчлэлийн ажил

                            

Нийслэлд өнгөрсөн 2 жилийн хугацаанд автозамын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж 80,7 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ жил ч бүтээн байгуулалтын ажлыг урьд жилүүдийнхээс эрчимжүүлж, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэв. 

Нийслэлд 2015 онд хийгдсэн автозамын бүтээн байгуулалтаас дурдахад, 

-Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4  зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлсэн. 

-1-р эгнээг тусгаарлах ажлууд хийгдсэн.

Энэ жил 44,5 км авто зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто зам, 134 урт метр гүүрийг өргөтгөсөн. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийгдсэн байна.

Нийслэлийн "А" зэрэглэлийн газар 23 тэрбум 850 сая төгрөгөөр зарагдлаа 

              

Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн 2698 метр квадрат газрыг дуудлага худалдаагаар зарж, Монгол Улсын иргэн, араб үндэстэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Гэвч тэрбээр дуудлага худалдааны дараа мэдэгдэл хийж, 715 сая төгрөгийн дэнчингээ үлдээгээд наймаагаа буцсан. Түүний дараагийн хамгийн өндөр үнийн санал хэлсэн “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулсан.

“Таван богд” групп худалдаж авсан газартаа Хэвлэх үйлдвэрийн барилгын загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр урт барилга барихаа мэдэгдсэн. 1929 оных нь байдлаар сэргээн барьж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төв нээн ажиллуулахаар төлөвлөсөн билээ.

Мөн түүндээ Улаанбаатар хотын музей байгуулахаас гадна “Galleria Ulaanbaatar”-т “Lexsus”-ийн үзүүлэнгийн танхим, “Говь” болон дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, ресторан байрлаж аж. Харин хэвлэх үйлдвэрийн цаана байгаа газартаа орчин үеийн шийдэлтэй өндөр, хос барилга сүндэрлэх юм.

Цахим автобус иргэдэд үйлчилж эхлэв

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэн. Нээлтээ хийсэн өдрөөс хойш нийслэлчүүд автобусны кондукторт мөнгө төлөн зорчиж байсан бол өнөөдрөөс эхлэн бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулсан бөгөөд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа.

Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 190 гаруй карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тун удахгүй нийт 500 цэг бүрэн ажиллаж эхлэх аж. Харин одоогийн байдлаар ачаалал ихтэй автобусны буудлын ойролцоох “U money” карт цэнэглэх, борлуулах цэг гэсэн наалттай дэлгүүр, сонингийн цэгүүдэд карт зарагдаж, цэнэглэж байгаа юм байна.

Угсраа автобус үйлчилгээнд явж эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд 18 метрийн урттай угсраа автобус явж эхэлснээр нийтийн тээвэрт дэвшилт гарсан гэж хэлж болно. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гарч байна. 

Тус автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай аж. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдсэн байна. 

Хотын татвар

Аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Өөрөөр хэлбэл хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа юм. Мөн зочид буудал, ресторан, баар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар төлнө. Тухайн бараа, үйлчилгээг хотын аль хэсэгт борлуулж байгаагаас хамаарч, татварын хэмжээг 0-1 хувийн хооронд байлгах бөгөөд энэ хувь хэмжээг НИТХ баталж байхаар хуульчилсан. 

Амралтын газраар ихэнхдээ гадаадын иргэд үйлчлүүлдэг тул энэ нь манай улсын эдийн засагт бага ч гэсэн нэмэр болно гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж байлаа. Харин Ахмадын амралтын газар амарч байгаа өндөр настангуудаас татвар авахгүй байх саналыг гаргаснаар төлөөлөгчид өндөр настнуудын татварыг улсаас төлж байх тул энэ асуудлыг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн юм. Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавина. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөх аж. 

Нийслэл Азийн сантай экологи, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллахаар болов

                                      

Улаанбаатар хотын Захиргаа, АНУ-ын Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сантай Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  АНУ-ын Азийн санг төлөөлж АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар  гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд үндсэн 3 чиглэлээр хамтарч ажиллана. Үүнд, Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн стратегийн төлөвлөлт болон бодлого боловсруулах чиглэлээр, Ногоон хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын оролцоотой олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүн хойд Азийн хотуудын Захирагчийн форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвийн хүрээнд 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Форумын зохион байгуулалтад Азийн сан техник, санхүүгийн туслалцааг үзүүлж дэмжиж ажиллана гэдгийг хамтын ажиллагааны санамж бичигт тусгажээ.

Зуун жилийн өмнөх Даншиг наадмыг сэргээв

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт өнгөрөгч наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 

Даншигийн үеэр хүчит бөх барилдаж, дөрвөн насны морь уралдаж,  сур харвах тэмцээнээс гадна  бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад голч нарын тэмцээн мөн лам нарын дунд балин, тосон урлалын тэмцээн,  “Монголын өнгө” нэртэй урлагийн тоглолт гээд Монголын шашны уламжлалыг сонирхуулсан сайхан арга хэмжээнүүд болсон билээ. 

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын үйл ажиллагаа нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал үйл явдал юм. Нөгөө талаар “Найрсаг-Улаан­баатар” хөтөл­бө­рийн хү­рээнд гад­­ны жуулч­дыг та­­тах, Монгол Ул­саа сур­талч­лах бас нэ­гэн чу­хал хөтөл­бөр бо­лон цаа­шид хэрэг­жүү­лэх бол­сон гэд­гийг алба­ны­хан онцолж буй. 

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд Франц улстай хамтран ажиллана

Төв цэвэрлэх байгууламж нь одоогоор Улаанбаатар хотоос ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээ хийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 1964 онд хоногт 45000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ.

Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм. 

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Элизабет Барсакыг элчин сайдаар шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг ойрын хугацаанд шийдэх ёстой. Манай талаас зээл олгож, хамтран ажиллах боломжтой. Мөн Францын Элчин сайдын яамнаас байгаль орчны семинарыг хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэдгийг онцлов. 

Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа

                                    

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа. 

Батлагдсан зураг төслийг боловсруулахад шаардлагатай 1 тэрбум 42 сая төгрөгийн 528 сая 800 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан Авто худалдааны цогцолборын авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, 513 сая 200 мянган төгрөгийг Авто худалдааны цогцолборын зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжүүлэхийг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-т тус тус даалгасан билээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭР ДЭХ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ /сая төг/ 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

Төсвөөс
2015 онд санхүүжих дүн

Авто зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжих дүн

1

Авто худалдааны цогцолборын дуудлага худалдааны 12 байршлын эскиз зураг

2015

77,4

39,3

38,1

2

Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн зураг төсөл

2015

375,4

190,5

184,9

3

Авто худалдааны цогцолборын ус хангамж, ариутгах татуургын зураг төсөл

2015

222,3

112,8

109,5

4

Авто худалдааны цогцолборын цахилгаан хангамжийн зураг төсөл

2015

234,1

118,8

115,3

5

Авто худалдааны цогцолборын  холбоо хангамжийн зураг төсөл

2015

40,0

20,3

19,7

6

Геодезийн зураглал

2015

5,9

3,0

2,9

7

Геологийн дүгнэлт

2015

29,0

14,7

14,3

8

Ногоон байгууламж, нуур, явган талбайн тохижилтын зураг төсөл

2015

57,9

29,4

28,5

 

ДҮН

 

1042,0

528,8

513,2

 

“Smile”, "Гахай" авсан байгууллагуудыг зарлаж эхлэв

                            

Энэ жилийн хувьд аттестатчиллыг нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаантай хамтатган амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь болзолт уралдааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд эрүүл ахуй, тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг хянан зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжинд хугацаатай үүрэг өгч биелэлтийг хянах юм. 

Товлосон хугацаанд зөрчлөө арилгасан бол инээмсэглэсэн дүрс бүхий /smile/ наалт өгнө. Удаа дараа зөрчлөө арилгаагүй бол /гахай/-ны дүрс бүхий наалт нааж, олон удаа давтан авсан бол хаах хүртэл арга хэмжээ авах байдлаар явагдсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.167 ТҮК ийн ажилчдын асуудал хамгийн сайн том ажил байлаа тэд их аз жаргалтай сайхан хувцас хунартай байдаг болсон ажилдаа сэтгэлээсээ ханддаг болсон шүү