Газрын зураг дээрээс устсан Монгол Улс дахин сэргэсэн нь

2015 оны 12 сарын 29

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...(Д.Пүрэвдорж)

Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойн түүхт өдөр. Тэртээх 1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан баярт үйл явдал монголчуудад тохиосон билээ. Ертөнцийн талыг эзэлж явсан Монгол 1911 оныг хүртэл дэлхийн газ­­рын зураг дээрээс алга болчихсон байсан гэдэг. Тэгвэл эргэн сэргэж, дэлхийн газрын зурагт орж ирсэн өдөр нь 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу арванхоёрдугаар сарын 29 билээ.

Энэ өдрийн талаар тухайн үеийн гадаад улс орны хэвлэлүүдэд бичиж байсан нь:

 Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан “Харбинский вестник” сонин 1912 оны 1-р сарын 1-ний дугаартаа “Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо” хэмээн тэмдэглэжээ. Оросын Петербургийн “Речь” хэмээх сонинд “Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо” гэж бичсэн бол “Санкт Петербургские ведомости” сонин “Хүрээний хутагт, шашны толгойологч үндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолын илэрхийлэгч нь боллоо” гэжээ.

Мөн Оросын “Новое время” сонин “Монголд газар сайгүй...их баяр ёслол болж байна. Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндэсний дээл өмс гэж зарлиг буулгав” гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Мөн “Русское знамя” сонин бичихдээ “Монголын тусгаар тогтнолын ач холбогдол бол их юм. Энэхүү тусгаар тогтнолд хамгийн их сонирхогч нь Орос орон болох бөгөөд түүний хувьд Монгол нь Хятадаас халхавч улс болох юм....Одоо цэргийн хүчээ Монголд илгээх хэрэгтэй. Энэ нь Монголын тусгаар тогтнолын гол баталгаа болно” хэмээн бичиж байжээ.

Английн “Таймс” сонин энэ үйл явдлын талаар бичихдээ “Ази тивд монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо” хэмээн бичиж байжээ.

Францын “L Asie Francaise” сэтгүүл 1912 оны хоёрдугаар сарын дугаартаа “Шинэ Хятад Манжийн дарлалаас ангижирлаа. Энэ мэдээ тус орны өнцөг булан бүрт дөнгөж хүрмэгц Монгол, Төвд, Туркестан Хятадын ноёрхолоос чөлөөлөгдөхөөр хөдөлж эхэллээ. Хэрэв шинэ хятад зүй ёсных бол өөрөө тэр улс түмний эрмэлзлэлийг огоорох учиргүй. Монголын удирдагчид өөрийн орны засаг захиргааг гартаа авлаа” гээд “Гадаад монголын лам нар, хошуу ноёд хятадын хахалт хавчлага хараахан үгүйгээр зоригжин 12 дугаар сарын 29-нд Өргөөд суудаг, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Хутугтыг эзэн хаанаар өргөмжлөв” хэмээн нэмэж бичжээ.

Тиймээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол монголчуудын сэтгэлд гэрэл асааж, ирээдүйдээ итгэх итгэл бадраасан түүхэн үйл явдал тохиосон чухал өдөр билээ.

 2011 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэлт баяр болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, Засгийн газар комисс байгуулан, Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хийж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний баярын өдөр болгон өндөр хэмжээнд анх удаа тэмдэглэсэн билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД