Шуурхай мэдээ: Банк дээрэмдсэн этгээдүүд төрсөн ах дүү хоёр байжээ

2015 оны 12 сарын 14

Ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас дээрэмчин этгээдүүд 380 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан.

Тэгвэл тус дүүргийн цагдаагийн албаныхан шуурхай ажиллаж дээрэмчдийг барьсан бөгөөд тэд төрсөн ах дүү хоёр байжээ.

Тодруулбал, Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд банк дээрэмдсэн этгээдүүд болох 1985 оны иргэн Э Баянгол дүүргийн нутагт байрлах Түндэнмүн саунд байхад нь баривчилсан бол 1992 оны иргэн Б буюу Э-ийн дүүг 13 дугаар хороололд байрлах нэгэн саунаас баривчилсан аж.

Тэд дээрэмдсэн мөнгөө СХД-ийн нутагт саарал өнгийн приус маркын автомашиндаа нуусан байсныг нь олсон бөгөөд ганц ч төгрөг үрээгүй хав дарсан байжээ.

СХД-ийн цагдаагийн алба хаагчид тэднээс мэдүүлэг авахад "Дээрэм хийхдээ авч явсан буугаа голын усанд шидсэн. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан боловч бизнес нь дампуурч их хэмжээний өрөнд орсон учраас дээрэм хийсэн" гэжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 3-т зааснаар сэжигтнээр татаж СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД