СХД-ийн Эрүүл мэндийн төвийн даргыг гүтгэсэн гэв

2015 оны 12 сарын 14

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-нд  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын санхүүгийн баримтад шалгалт хийснээ танилцуулсан.

Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭ-ийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байсан нь илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ хорооны дарга Г.Гэрэлт-Од болон тус төвийн ажилчдын төлөөлөл дээрх мэдээллийг худал хэмээн мэдэгдэв.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ хорооны дарга Г.Гэрэлт-Од хэлэхдээ “ ҮЭ байгууллага бол ажилчид сайн дураараа эвлэлдэн нэгддэг Төрийн бус үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Тус хорооны үйл ажиллагаанд СХДЭМТ-ийн дарга, удирдлагууд оролцох эрхгүй. Тэр тусмаа санхүү мөнгө төгрөгийг захиран зарцуулахад хошуу ч нэмэх эрхгүй юм. Манай байгууллагын зарим ахмадын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу бүх ажилтан 1-3 өдрийн цалингаа хандивласан. Зарцуулалттай холбоотой санхүүгийн бүх баримт бий. Мөн жил бүр Аудитын байгууллагаас шалгаж, дүгнэлт гаргадаг. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын ярьсан бүх асуудлыг АТГ өмнө нь шалгаад ямар нэгэн зөрчилгүй гэдгийг тогтоосон” гэв.

Тэрбээр, СХДЭМТ-ийн нэр хүндэд халдаж буй цаад шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ажилчдаас ҮЭ-ийн татвар авахаа больсон явдал гэж үзэж байна. Үүнээс өмнө сард 2,6 сая төгрөгийн татварыг ажилчдаас суутган 30 хувь буюу 800 мянган төгрөгийг сар бүр Б.Мягмарт өгдөг байсан. Энэ мөнгийг өгөхөө болихоор ийм асуудал үүсэж байна хэмээн онцлов.

Түүнчлэн тэд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмарыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх гэж буй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД