Монгол хүүхдүүд сансрын хиймэл дагуултай холбогдлоо

2015 оны 12 сарын 08

Нийслэлийн нэгдүгээр ахлах сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй "Сансар дахь бидний мөрөөдөл" төслийн хүрээнд сурагчдын хиймэл дагуулын мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхэд залуусыг хиймэл дагуул болон сансрын салбартай ойртуулах олон үйл ажиллагаа зохион байгуулж буй аж.

Төсөлд хамрагдаж буй сурагчид өнгөрсөн шөнө 00:39 цагийн орчимд Ю.Цэдэнбалын талбайгаас Улаанбаатарын зүүн талаар нисэн өнгөрөх Японы сансрын “Alos2” хиймэл дагуултай холбогдлоо.

Тодруулбал, Цахилгаан соронзонг дурангаар хардаг учраас тэд төмрөөр багаж хийж, хиймэл дагуул цахилгаан соронзон долгион цацах үед тус багажаа ашиглаж камерт гэрэлтэй цэг болж харагдах үйл явцыг туршжээ. Хүүхдүүдийн туршилт хийсэн хиймэл дагуул нь Японы сансрын хүрээлэнгийн газрын байрлалыг тандах цахилгаан соронзон дуран аж.

Нэгдүгээр сургуулийн багш А.Ганбаяр "Монгол Улсад сансрын салбар, танин мэдэхүй, оюун ухаанлаг байдлыг түгээн, дэлхийд танигдах нэгэн боломж бий болохоос гадна өндөр хөгжилтэй аль ч улсын хүүхэд залуустай өрсөлдөх чадвартай гэсэн өөрсдийн бахархалтай болгох зорилготой бидний төсөл хэрэгжиж байгаа. Энэ удаагийн туршилт Монголд анх удаагийнх юм. Өнөөдөр туршилтад оролцсон хүүхдүүд ахлах сургуулийн аравдугаар ангийн сурагчид юм. Цахилгаан соронзон долгионыг ашиглаад зураг авдаг дурантай хиймэл дагуул ирээд тэндээс зураг авч, тэр нь цэг болж харагдахаар хүүхдүүдийн үзэж буй онол зөв юмаа гэдгийг батлах практик хичээлийг бид давхар орж байгаа гэсэн үг. Хүүхдүүд бие дааж юм сурах л хамгийн чухал" гэлээ.

Уг төслийг 2013 оны арванхоёрдугаар сард дэлхийн хиймэл дагуулыг Монголдоо бүтээх зорилгоор  Ц.Нандинбаатар эхлүүлж байсан аж. Төслийн хүрээнд “Эх газрын одод” дэд төслийг хэрэгжүүлж хиймэл дагуулын суурь ойлголтыг хүүхэд, залуучуудад зааж, богино хугацааны сургалт явуулсан байна. Сургалтаар олж авсан онол практикт тулгуурлан дээрх төхөөрөмжийг бүтээсэн аж. Ирэх оны дөрөвдүгээр сараас Японы “Jaxa” сансрын агентлагийн хиймэл дагуултай холбоо тогтоох удаан хугацааны төслийг эхлүүлэхээр болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД