Зарим орон сууцны халаалт доголдож буйн гол шалтгаан

2015 оны 11 сарын 26

Нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаа учраас Улаанбаатар шугам сүлжээ ТӨХК-д иргэдээс гомдол ирж байгаа.

Үүнтэй холбогдуулан тус ТӨХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Алтангэрэл дулааныг хэрхэн түгээж байгаа талаар танилцуулсан юм.

 “Дулааны цахилгаан станцууд болон Диспетчерийн үндэсний төвөөс  гадна агаарын хэмтэй уялдуулан баримтлах сүлжээний программыг  станцууд дээр өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дулааны  2, 3, 4, Амгалан дулааны станцууд өвлийн их ачааллын горимд шилжсэн байна. 

Агаарын температурын хувьд  шөнөдөө -25 хэмээс буухгүй, өдөртөө -20 хэмээс буурахгүй байгаа энэ үед сүлжээний усны температурыг 118-120 хэмд тогтвортой барьж ажиллаж байгаа. Дулаан дамжуулах төв магистраль шугамууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, даралт хөргөх насосны таван станц өвлийн горимд шилжсэн байгаа. 

Гадна орчны температур -23 градус хүйтэн байхад сүлжээний усны температурыг 120 хэмтэйгээр түгээж байна.


Төв шугам тоноглолын хувьд зуны улиралд хийхээр төлөвлөсөн засвар үйлчилгээгээ хийсэн. Энэ сарын 1-нээс бүх шугамууд хэвийн ажиллаж байгаа. Үндсэндээ аравдугаар сарын 1-нээс халаалт олгогдож, арваннэгдүгээр сарын 15-н хүртэл тохируулга зүгшрүүлгийн ажил хийгдсэн. Гадна агаарын хэмтэй уялдуулж станцууд дээр сүлжээний усны температурыг  тохируулж байна. Өнгөрсөн хугацаанд төв шугам дээр ноцтой гэмтэл гараагүй. 

Энэ сарын 20-ноос хүйтэрсэнтэй холбоотойгоор орон сууцны халаалт доголдлоо гэх дуудлага хотын зүүн бүсийн 30 гаруй өрхөөс, баруун бүсийн 20 орчим өрхөөс  ирсэн.

Орон сууцны халаалт доголдох нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:

  • Дотор халаалтын систем бөглөрөлтэй
  • Дотор систем хуучирч муудсан угаалга хийгдээгүй
  • Орцны хаалга цонх дулаалга муу хийгдсэн, онгорхой
  • Халаалтын системээс уч авах ба усны алдагдал их байх
  • Стандарт холболтыг дур мэдэн өөрчилсөн
  • Халаалтын улиралд үүссэн шугамын нөхцөл
  • Тооцооны дагуу тохируулах хэрэгсэл тавиагүй, дотор системийн баланс алдагдсан
  • Циркуляцын шугамгүй, алчуур хатаагч хатаасан

Түүнчлэн дулааны эрчим хүчээр хангагдах гэрээтэй объектууд бүгд холбогдсон. Энэ жилийн хувьд шинээр 250 гаруй барилга, объект төвлөрсөн дулаан хангамжид холбогдох бэлтгэл нь хангагдсан бөгөөд шаардлага хангасан объектуудыг холбох ажил  арваннэгдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлээд дууссан.


Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь дулааны хоёр салбартай. Хотын баруун зүүн бүсийг хариуцан ажилладаг салбаруудын дарга нараас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Дулааны нэгдүгээр салбарын дарга Д.Баяртогтох 

Хотын өндөрлөг газруудад сүлжээний усны даралт өөр өөрөөр очиж байгаа. Даралт бага байгаатай холбоотой ганц нэг гомдлууд ирж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, даралтын насосны станцууд өвлийн горимд шилжин ажиллаж байгаа. Харьцангуй Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдээс ирэх гомдол санал цөөрч байна.

Тоног төхөөрөмжийн хүчин чадал дутагдлаас шалтгаалсан 10 дугаар хороолол орчимд температур арай бага байсныг холбогдох газруудтай ярьж байгаад өнгөрсөн долоо хоногоос температурыг нэмэгдүүлж, хэвийн хэмжээнд халаалтыг барьж байна

Дулааны хоёрдугаар салбарын дарга Л.Амарбат

Манай салбарын хариуцдаг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хувьд энэ жил өвлийн их ачаалалд хэвийн шилжсэн байгаа. Энэ сарын 20-ноос буюу хүйтэрснээс хойш айл өрхүүдээс ирэх гомдол нэмэгдсэн. Манай компани ОСНААУГ-тай хамтран хэрэглэгчдийн гомдлыг барагдуулан ажиллаж байна.

Энэ жил Амгалан дулааны станц ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн их гомдолтой байдаг 16 дугаар хороолол, Кино үйлдвэр орчим, 13 дугаар хорооллын зүүн хэсгийн гомдол санал эрс цөөрсөн.

Тоот буюу өрхөөс ирж байгаа гомдол зонхилон 15 дугаар хороолол, Жуковын музей орчим, 5 дугаар хорооллын орчмоос ирж байна. Үүнийг газар дээр нь шалгаад үзэхэд байруудын дотор шугам бөглөрсөн, тохируулга алдагдсан гэх мэт нөхцөл байдлууд байна.

Орон сууцны халаалт, халуун ус нийтээрээ доголдсон тохиолдолд ХҮТ болон УБДС ХК-д хандах.

Дуудлагын төв: 7004-7005 
Диспетчер: 343047, 343030 
е_мэйл: callcenter@ubds.energy.mn

Халаапт хэвийн үед хэрэглээний халуун ус доголдвол ХҮТ болон Ус Сувгийн Удирдах Газарт хандах.

Халаах хэрэгсэл болон шугам, алчуур хатаагч, хаалт зэргээс усны гоожилт илэрсэн үед ХҮТ-д дуудлага өгч засварлах.

ОСНААУГ Дуудпагын төв: 70005454 
Диспетчер: 325595 
е_мэйл: info@osnaaug.ub.gov.mn

Хэрэглээний халуун, хүйтэн усны цоргоор зэвтэй ус гарсан нөхцөлд ХҮТ болон Ус Сувгийн Удирдах Газарт хандах.

Дуудлагын төв: 70157016, 70157066 
Диспетчер: 70157064 
е_мэйл: usugub@yahoo.com


Та ус, дулаантай холбоотой гомдол, санал хүсэлтээ доорх утсуудаар холбогдох байгууллагуудтай холбогдож гаргаарай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.155 ТӨМӨР ЗАМЫН АРКТАЙ ШАР ХАЛАХГҮЙ ХӨЛДЛӨӨ АРАЙ Л БИШ БНА АА