Б.Чинбат: ”Н.Буянбаатар ахыг тоглолтоо хийх гэж байгааг сонсоод их баярласан”

2015 оны 11 сарын 16

Эрэмгий агаад ихэмсэг төрх

Эгэлгүй даруухан их үйлсийн эзэн

Морин хуур, чавхдаст хийлийн аялгууг шидэт тохиураар нэгтгэн сүлэгч

Бүхэл бүтэн найрал хөгжмийг ч ганцхан хормын дотор нэгэн цул болгон захирагч

Тиймээ, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, СТА Н.Буянбаатарыг дурсахнээ энэ л дүр зураг нүдэнд үзэгдэнэ.

Ардын урлагийг хөгжүүлэх их үйлсэд 30 гаруй жил өөрийн авьяас билэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулж, Монгол төрийн Үндэсний Их Найрал хөгжмийг мэргэжлийн өндөр түвшинд удирдан хөглөж яваа хүн бол Н.Буянбаатар билээ.

ҮДБЭЧ-ын 65 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус театрынхан ерөнхий удирдаач Н.Буянбаатарт уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх санал тавьсан учраас арваннэгдүгээр сарын 21-нд анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийхээр болжээ.

Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч, ардын найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн багшаар суралцан төгссөн тэрбээр тус чуулгад морин хуурчаар орсон цагаас хойш чуулгын тайзнаа алдартай олон бүтээлээ туурвисаар өдийг хүрсэн аж.

Тодруулбал, “Учиртай гурван толгой”, “Сүнжидмаа”, “Үлэмжийн чанар” дуулалт жүжгүүд, “Нарны домог”, “Алтан ураг”, “Их хүлгийн туульс” бүжгэн жүжгүүдийн ерөнхий удирдаачаар ажиллаж байсан бол Улсын чанартай бүх том концертуудад 200 гаруй уран бүтээлийг амжилттай удирдан тоглуулсан юм билээ.

Түүнчлэн Монгол Улсаа төлөөлөн дэлхийн олон оронд зохиогдсон Олон Улсын Ардын урлагийн фестиваль, Монголын соёлын өдрүүд, Хөгжмийн их наадмуудад үндэсний язгуур урлагийн шилдэг бүтээлээрээ оролцож, дэлхийд анх удаа Монголын морин хуурын дөрвөлийг эгшиглүүлсэн гавьяатан ажээ. Хэдий тийм ч “Өдгөөг хүртэл Төр засгаас СТА хэмээх тэмдгээс өөр гавьяа өгөөгүйд эмзэглэх юм” хэмээн ҮДБЭЧ-ын дарга А.Цэдэн-Иш хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Түүний Монголын урлагийн төлөө хийсэн бүхий л гавьяад СТА хэмээх цол жулдаж буйг сэтгүүлч би ч бардам хэлмээр санагдлаа.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат "Н.Буянбаатар ахыг тоглолтоо хийх гэж байгааг сонсоод их баярласан. Миний удаан хүлээсэн тоглолт бол яах аргагүй мөн. Монгол хүн бүрийн омогшил болсон түүний уран бүтээлээр нэг өдөр аялж, хамтдаа нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх боломж олгож буйд дахин баярлалаа" гэсэн юм

Түүний уран бүтээлийн тайлан тоглолтын билетийг www.Ticket.mn сайтаар худалдаалж байгаа юм. Ирсэн үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд хамгийн азтай нэг үзэгчдээ Н.Буянбаатар гарын үсэгтэй ширэн цартай морин хуураа бэлэглэх гэнэ.

Мөн 11 дүгээр сард төрсөн хүмүүст 1 тасалбараар 2 хүн үзэх эрх олгож буй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.141 Erdemtei hun daruu,Ih murun dulguun gedeg ug Ene hund l tohiroh baihdaa.Negen uraldaani shuugcheer ajillaj tsenher delretseer gardag bailaa,ter ued yamar engiin daruu hun be gej hardag bailaa.Tand Uran buteeliin undur amjilt,eruul enkhiig husiy.
59.153.115.202 Sain udirdaach, sain ch zaluu, Urlagiin gaviyat zutgelten hemeeh aldariig hurteh boltugai, Amjilt huseye! Baharhaj baina.
203.194.118.27 Үзнэээээ.....