Монголын ардчилсан холбоо С.Эрдэнийг өмөөрөв

2015 оны 11 сарын 16

Монгoлын ардчилсан холбооноос  “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасантай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. 
Мэдэгдэлд, энэ тэмцэл бол шудрага ёсыг тогтоохтой холбоотой тэмцэл гэдгийг МоАХ анхнаас нь анхааралтай ажиглан харж байсны хувьд хариуцлагатай мэдэгдэж байна. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт Монгол Улсын асар олон хууль тогтоомжуудыг илтээр зөрчин, монгол хүн бүрт ногдсон 1072 хувьцааг үнэгүйдүүлж хог болгох чиглэлээр хийгдэж, гадаад дотоодын олигархи бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн зүйл заалт бүхий гэрээгээр дамжин хэрэгжих гэж байгааг “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлээс тууштай эсэргүүцсээр өдийг хүрсэн билээ.

Хэдийгээр “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийн хийсэн үйлдэл нь асар эрсдэлтэй, цочмог, монгол хүний сэтгэл зүйд хүнд тусахаар хэлбэрийг сонгосноороо оновчгүй гэж бид үзэж байгаа ч түүний тэмцлийн агуулга, хандлага нь эх орныхоо төлөө, монгол хүн бүрийн эрх ашгийн төлөө байсныг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч, дэмжиж байна. Өндөр дээд эрх мэдэлд хүрсэн ганц нэг улс төрчийн улс үндэстнийхээ эрх ашгаас урван цөөн хэдэн олигархийг дампуурлаас аврахыг илүүд үзсэн хандлага ийм эрс шийдэлд иргэдийг түлхэж байгаагийн нэгээхэн илрэл нь С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал боллоо” хэмээжээ.

Мөн шаардлагатай цаг ирвэл МоАХ өөрийн уламжлал, төрөлх зөнгөөрөө ард түмнийхээ талд тууштай зогсон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг хатуу анхааруулж байна. Олигархиудын шуналаас үүдэн монгол хүний амь эрсдэх ёсгүй. Хэрвээ ийм зүйл ахин тохиолдох аваас хожмын өдөр буух хариуцлага хатуу байх болно гэдгийг сануулъя” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
213.162.68.178 Zob siidcen baina