НӨАТ-ын хоёр хувийг иргэдэд буцаан олгоно

2015 оны 11 сарын 10

НӨАТ-ын шинэчилсэн хуулиар иргэдэд өдөр тутмын худалдаа үйлчилгээний төлбөрөөс авдаг нэмэгдсэн өртөгийн албан татварын хоёр хувийг буцаан олгохоор боллоо.

Харин энэ хууль ирэх оны 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Уг хуулийг хэрэгжүүлэхээс өмнө технологийн бэлэн байдлыг хангах талаар өнөөдөр Сангийн яам, Татварын Ерөнхий Газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын тэргүүлэх 34 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг нээх үеэрээ Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв " Худалдаа үйлчилгээний төлбөрөөс авдаг НӨАТ-ын татвар одоогийн хуулиар 10 хувь байгаа. Харин шинэчилсэн хуулиар Аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн хяналт дор татвараа төлдөг шинэ тогтолцоонд шилжиж байна. Тиймээс иргэд хяналт тавьсныхаа төлөө НӨАТ-ын хоёр хувийг нь буцаан авах юм. Тийм учраас иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй. Баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй” гэлээ.

Аж ахуйн нэгж байгууллагын хувьд:

1.Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдох шаардлагатай ба 2016 оноос өмнө холболтоо хийж, баталгаажуулах шаардлагатай.

2. Кассын машинаа солихгүйгээр Татварын Нэгдсэн Системд холбогдож, нэгдсэн нэг стандартын баримтыг хэвлэн гаргана.

Одоогийн байдлаар “Миний дэлгүүр” сүлжээ болон “Sky” их дэлгүүр Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдоод байгаа бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын урамшуулал авах боломжтой баримтыг хэвлэж эхлэх юм байна. 
Түүнчлэн энэ төрлийн уулзалтыг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг ирэх онд амжилттайгаар хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэнэ. 
 

 
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.23.51.4 Ok
183.81.171.135 jijig delguuruuded ih achaalal irj bna daa.
103.9.90.231 тэгвэл миний сүлжээгээр үйлчлүүлэх хэрэгтэй юу