Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах шинэ амбулатори нээлтээ хийлээ

2015 оны 11 сарын 04

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга,  “UB Хангарди клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторийн нээлт өнөөдөр боллоо.

Ингэснээр гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.

Нээлтийн үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ, "Саяхан шав тавьж байсан Хүүхдийн амбулатори нээлтээ хийж байгаад баяртай байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан Энхтайван хөгжлийн сан болон монголын талаас бүх асуудлыг хариуцаж ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярт талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу" хэмээн онцлов.

Шинээр ашиглалтад орж байгаа Хүүхдийн амбулаторид 500 мянган ам.долларын үнэ бүхий БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн хүчин чадалтай хүүхдэд зориулсан рентген аппарат, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Ю Шяо Шуан "Энэ амбулаторийг нээж байгаа нь Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцааны  илрэл гэж үзэж байна. Монгол Улс бол Хятадын сайн нөхөр, хөрш мөн. Тиймээс хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.

Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 0-18 насны 53 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь насанд хүрэгчид болон хүүхдийн амбулатори нэгдмэл байдлаар үйлчилдэг байсан бол өнөөдөр ийнхүү хүүхдийн хэвтэхээс бусад оношилгоо, эмчилгээг шийдэх боломжтой болж буй аж. Нийт 57 эмч, сувилагч, туслах ажилтан  хүүхдийн гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар хоолой, шүд гэх зэрэг 15 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.

Мөн тус дүүргийн иргэд Чингэлтэй дүүргийн оршин суугчдын зүгээс эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед ийнхүү хүүхдийн амбулатори барьж өгч байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа.

Г.Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД