“ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ БА ИНТЕРНЭТ”

2015 оны 11 сарын 04

 Интернэт бол 21 дүгээр зууны олон нийтийн индэр 

1992 онд Цахилгаан холбоонд технологийн шинэчлэл хийж, аналог системийг тоон технологиор сольсноор шилэн кабелийн сүлжээ үүсэж байсан бол 1994 онд Монгол Улс Интернэтэд холбогдож байсан түүхтэй. Өнөөдөр Монголын хүн амын 80 гаруй хувь нь интернэт ашигладаг болсны 70 хувь нь 15-35 насны залуучууд байгаа юм.

Жил ирэх тусам хүн төрөлхтний амьдрал цахим орчин, интернэт, техник технологиос салшгүй холбоотой болж буй энэ үед хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хэм хэмжээг тодорхой болгох асуудал тулгамдаж буй. Интернэт нь 21 дүгээр зууны олон нийтийн индэр, дэлхий даяар хуран цугладаг “ төв талбай” болсон байна

“Глоб интернэшнл” төв “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдвээр олон талт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 3-нд Нээлттэй нийгэм форумд зохион байгууллаа.

2003 оноос НҮБ, Европын хүний эрхийн байгууллага, Америк дундын хүний эрхийн байгууллагын тусгай илтгэгчид интернэт, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой гол зарчмуудыг хэлэлцэж баталсан. Харин Юнеско хамгийн сүүлд “Мэдлэгт суурилсан нийгмийг байгуулахад интернэтийн тулгын чулуу” тайланг гаргасан аж. Тайланд дурьдсанаар хүртээмж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууц, ёс зүй гэсэн дөрвөн тулгын чулуу бий гэж үзжээ. Харин өчигдөр болсон олон талт уулзалт эдгээр асуудлыг гол шугам болгон хэлэлцсэн юм.

Технологийн хөгжлийг дагаж хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай 

Олон талт уулзалтад “Глоб интернэшнл” төв болон Нээлттэй нийгэм форум, Цахим өртөө холбооны мэргэжилтнүүд, олон улсын шинжээчид оролцсон юм.

Өнөөгийн нийгэмд интернэт чухал нөлөөтэй болсон. Үүнийг дагаад хүний эрх зөрчигдөх асуудал газар авч буйг олон талт уулзалтад оролцогчид хэлж байлаа.

 Монгол Улсын Засгийн газраас бүх аймаг, сумдыг интернэтэд холбох, түүнийг илүү хүртээмжтэй болгох талаар тодорхой ажлууд хийж байгаа. Гэвч нийгмийн орхигдсон хэсэг буюу эмзэг бүлгийнхэнд интернэт түгээх, бүх хүн эрх тэгш байх асуудал яригддаг аж. Харин олон нийтийн сүлжээгээр өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Үндсэн хуулиар олгогдсон байдаг боловч үүнийг хэрхэн зохицуулж,  ямар шалгуур тавих вэ гэдэг шаардлага гарч ирж буйг тэд сануулсан юм. Тодруулбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой дотоодын хууль тогтоомжийг иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нийцүүлэх,  зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангах, нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хуулийн зүйл заалтыг шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч буй аж.

Уулзалтын үеэр “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал: Хүүхэд эхээсээ төрөнгүүтээ л ухаалаг утастай найзалдаг болсон. Хүмүүсийн амьдралын хэв маяг их өөрчлөгдөж байна. Интернэтийн хэрэглээг хязгаарлах бус зөв бодлого явуулж, иргэдээ соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг. Хүүхдийг багаас нь үзэл бодлоо зөв илэрхийлж, нийгэмд биеэ зөв авч явахыг технологи дээр суурилж төлөвшүүлэх нь хамгийн зөв юм. Интернэт, цахим ертөнц хөгжсөн энэ үед хэрхэн хүн байх вэ, өөрийн мөн чанар, ёс суртахуунаа яаж хадгалж үлдэх вэ гэдгээр нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлж буй нь сайшаалтай зүйл болж байна” гэлээ.

 

 

 

 

Мэдээлэл технологи цаашид хэрхэн хөгжихийг хэн ч мэдэхгүй

Мэдээлэл харилцааны технологи үүссэн цагаасаа эхлэн маш хурдан хөгжиж байна. Эхний шинэчлэлттэй бүрэн танилцаж амжаагүй байхад л дараагийн шинэ техноги гарах болжээ. Өнөөдрийг хүртэл нэгэнт хөгжсөн онлайн ертөнц, техник технологиос хүн төрөлхтөн ухрахгүй боломжгүй билээ. Технологийн шинэчлэл цаашид хэрхэн өөрчлөгдөн хөгжихийг хэн ч таашгүй. Тиймээс энэхүү хурдацтай хөгжлийн үед хүн төрөлхтөн өөрсдөө зан суртахуун ёс зүйн хэм хэмжээг яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг нь чухал асуудал юм.

Энэ уулзалтад гадны хоёр шинжээчийг оролцуулсан. Түүний нэг нь Эрх зүй ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел. Тэрбээр “Интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ”, “Интернэт ба мөрдөн тагнах ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм .

Тоби Мендел “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууцаа хамгаалах эрх нь мөрдөн тагнах үйл ажиллагаагаар хязгаарлагддаж, тодорхой хэмжээний хууль ёсны нөхцөл байдалд байдаг гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон нийгмийн аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх ёстой” хэмээн ярилаа.

2010 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтон дэлхий нийтээр интернэтийн эрх чөлөөг тууштай дэмжихийг уриалсан билээ.  Тоон технологийн эрин үед эдгээр эрхийг хамгаалснаар  шинэ  санаа, инновац, холбоо харилцаа, эдийн засгийн өсөлтийн  талбар болох интернэтийн боломж, ирээдүйг хамгаалах болно.

 

Сэтгэгдэл бичигчид ёс зүйтэй байх ёстой

“Лайтфул” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Чарльз Крийл олон талт уулзалтад Нийгмийн сүлжээ ба ёс зүй” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр хэлэхдээ “Ихэнх цахим хуудас буюу вэб сайт нь уншигч, зочиддоо сэтгэгдэл бичих боломжийг олгосон байдаг. Бичлэг, post гэж нэрлэгдэх “post a comment” буюу “сэтгэгдэл бичих” зэрэг үгсээр илэрхийлэгдсэн товчийг дарснаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нээгддэг. Харин эндээс эхлэн интернэт хэрэглэгчид “сэтгэгдэл бичигчийн эрх үүрэг буюу хувь хүний ёс зүйг бодож санах ёстой юм. Веб сайтынхан сэтгэгдэл бичих боломжийг олгосон нь заавал бичих ёстой гэж байгаа биш юм. Тухайн нийтлэлийн агуулга хэлбэрээс үл хамааран сэтгэгдэлээ өөрийн өмч юм уу үйлдэл гэж тооцуулах эрх сэтгэгдэл бичигчид бий. Харин сэтгэгдэл бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг сахихаас чөлөөлөгдөх эрх хэнд ч байхгүй. Сэтгэгдэл бичихээс өмнө эрх зүйгээ тодорхойлсон хүний эрхийг сахих, хуулийг сахих үүргийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн сүлжээ өргөжихийн хэрээр тухайн улс төрийн бодлогоороо зохицуулалт хийж иргэдээ ёс зүйд сургах хэрэгтэй” гэсэн юм.

Дэлхийн өнцөг булан  бүрт суугаа хүмүүс хоорондоо  интернэтээр өдөр тутам холбогдон, мэдээ мэдээллийн ертөнцийг амталж, дуу хоолойгоо өргөж байна. Энэхүү интернэт орчинд хэрхэн сайн засаглах, шударга ёсыг хэрэгжүүлэх, хөгжиж дэгжих, урт хугацаанд тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэх гэх зэрэг асуудлууд улс орны дотоодод ч, олон улсад ч улам бүр хамаатай болж байна.

Монгол Улсад интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ цагт ийм чухал сэдвээр олон талт уулзалт зохион байгуулж буй нь сайшаалтай .

 Г.Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД