”Нууцын эзэн”-ийг дэлгэлээ

2015 оны 10 сарын 26

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадаглагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань” бурхадыг дэлгэсэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн үеэр тус музейн захирал У.Сарантуяа “Монголчууд эртнээс өдгөөг хүртэл бурхадын дүрийг ухаанаа ширгээж, мутраан цуцааж, ураа шингээн дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдах цуглуулгын ихэнх хувийг шашны холбогдолтой цуглуулга эзэлж байна. Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг. Эдгээр бурхадын хоёр дахь бурхан нь “Очирваань” нэрээр нь илүүтэй мэддэг “Нууцын эзэн”-ийг сонгон бүтээлүүдийг толилуулж байна. XV зууны үеэс эл бурханыг хамаг бурхадын эрдэм ухааныг өөртөө хураасан, хамаг муу бүхнийг дарагч, их хүчтэн хэмээгээд Отгонтэнгэр хайрханд орших Монголыг даасан их сахиус, Их Чингис хаанаа Очирваанийн хувилгаан хэмээн өргөн дэлгэр шүтэж ирсэн билээ” хэмээн ярилаа.

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт нийт 120-иод ширхэг Очирваань бурхан хадгалагдаж байна. Бүтээлийг материалаар нь төрөлжүүлэхэд цутгуур-11 ширхэг, шавар баримал-16 ширхэг, сийлбэр-1 ширхэг, зураг урлал-82 ширхэг, баримт бичгийн-5 ширхэг, оёмол, хатгамал-3 ширхэг ба нийт цуглуулгын 0,7 хувийг эзэлдэг аж.

Эдгээр үзмэр бүрт тухайн бүтээлч шүтээний дүрийг бүтээхдээ бурхан бүтээх тиг хэмжээ, зохиомжийг алдуулалгүй өөрийн уран сэтгэмжээр янз бүрийн хэмжээтэйгээр, байгалийн материал ашиглан, шашны бэлгэдэл зүйг алдагдуулахгүйгээр бүтээсдэг байна.

“Нууцын эзэн” үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн нэг сарын турш үргэлжилнэ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД