Энэтхэг бүсгүйчүүд байлдааны онгоц жолоодно

2015 оны 10 сарын 26

Энэтхэгийн Батлан хамгаалах яам эмэгтэйчүүдэд байлдааны нисэх онгоц жолоодохыг зөвшөөрчээ.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, сөнөөгч нисэх онгоц жолоодох эхний эмэгтэйчүүдийг ойролцоогоор хагас жилийн дараа сургаж эхлэх аж. Эхний төгсөгчид 2017 оны зун байлдааны жижүүрт гарах төлөвтэй байна.

Энэ алхам улс орны батлан хамгаалах чадварт ашиг тусаа өгнө гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам үзэж байгаа аж. Сөнөөгч онгоцны нисгэгч болох эхний ээлжний эмэгтэйчүүдийг Энэтхэгийн Зэвсэгт хүчний зуны сургалтад хамрагдаж байгаа бүсгүйчүүдээс сонгоно. Одоогийн байдлаар Энэтхэгийн Агаарын цэргийн хүчинд бүтэн хагас мянга орчим эмэгтэй алба хааж байна. Гэхдээ тэдний ердөө 94 нь мэргэжлийн нисгэгч аж. Үүнээс гадна, эмэгтэйчүүдэд цэргийн тээврийн онгоц болон нисдэг тэрэг жолоодохыг зөвшөөрчээ.

Энэтхэгийн эмэгтэйчүүд 2010 онд тус улсын Зэвсэгт хүчинд алба хаах эрхтэй болсон байна. Тухайн үед тус улсын Дээд шүүх одоо байгаа хориг нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж, тэдэнд хуурай замын цэргийн болон агаарын цэргийн хүчинд алба хаахыг зөвшөөрчээ. Энэтхэгийн эмэгтэйчүүд өнгөрсөн сард тэнгисийн цэргийн хүчинд алба хаах эрхтэй болсон байна.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД