Техникийн боловсролыг 1,5 жилд эзэмших нь хангалтгүй гэв

2015 оны 10 сарын 22

Мэргэжлийн боловсрол, ялангуя техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах тухай хэлэлцүүлэг "Пума" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болов.

Манай улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт техникч бэлтгэдэг төрийн болон төрийн бус 19 политехник коллеж байдаг. Эдгээр сургуульд 8 мянга шахам суралцагч байдгаас 2 мянга гаруй нь 1,5 жилийн сургалтад үлдсэн нь 3 жилийн сургалтад хамарч байна. Жилдээ 2200 гаруй хүүхэд төгч байгаагаас 1,7 хувь нь дэвшин суралцдаг гэсэн судалгаа бий. 

Иймд иргэдийг тасралтгүй боловсрол эзэмших бололцоог хангах, элсэгч, төгсөгчийг чанаржуулах, инженерийн суурь боловсролыг уян хатан олгож байх үүднээс техникийн боловсролын агуулга, цагийг дээд боловсролтой уялдуулах асуудлыг их дээд сургууль болон техникийн боловсролын байгууллагууд нэгдмэл ойлголтод хүрэх шаардлагатай байгаа юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь хамтран хамгийн оновчтой шийдэлд хүргэх зорилт дэвшүүлэхэд оршиж байна. Боловсролын агуулга бүх төвшинд нэгдмэл байх шаардлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кампус менежментээр хөгжих нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Мөн техникийн боловсрол нь 1,5 жил байх бус доод тал нь 2 жил байхаар судалж байна. “Политехник коллежийн хэв шинжийг тогтоох нь” гэсэн нэр бүхий журмын төслийг боловсруулаад байгаа бөгөөд сургалтын төлөвлөгөөг дээд боловсролтой уялдуулахаар судлан загвар боловсруулахаар төлөвлөжээ. Уг хэлэлцүүлэгт оролцогчид техникийн боловсролын сургалтыг эзэмшүүлэхдээ хэрхэн үнэлгээг зохион байгуулах талаар Индонези, Японы туршлагыг нэвтрүүлэхдээ монгол хэв шинжийг хадгалсан байдлаар төсөл боловсруулсан бөгөөд энэ тухай санал солилцох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД