Б.Бадрал: Европ, Азийн бүс нутгийн гүүр нь Улаанбаатар болно

2015 оны 10 сарын 14

Үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон ач холбогдолтой ажлын эхлэл болсон транзит буюу зорчигч дамжин өнгөрөх заалын бүтээн байгуулалт, засварын ажил “Чингис хаан” нисэх буудалд өнгөрөгч долдугаар сараас эхлээд буй. Түүнчлэн  ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын нэг нь энэ юм.

Энэ талаар “Чингис хаан” ОУНБ-ын захирал Б.Бадралаас тодрууллаа.

- Эдийн засгийн хямралтай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил “Чингис хаан” ОУНБ-ын зорчигчдын тоо багассан. Харин транзит заал ашиглалтад орсноор зорчигч 10 хувиар өснө гэж байсан. Тэгвэл энэ заал хэзээ ашиглалтад орох вэ. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Транзит заал бий болгох ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай байна. Гэрээнд заасан хугацааны дагуу тус ажлыг энэ сарын сүүлээр хүлээлгэн өгнө. 2088 мкв талбай бүхий, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай транзит заал шинээр ашиглалтад орсноор манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авах, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болно. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад транзит зорчигчдын тээвэр хийх, шинэ чиглэл нээх бололцоог бий болгож, нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатарыг Европ, Азийн бүс нутгийн гүүр болгох чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа юм.

-Нийт хичнээн төгрөгөөр байгуулж байгаа вэ?

-Транзит заалыг бүрэн ашиглалтад ороход нийт 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтаар хийгдэж байгаа. “Чингис хаан” ОУНБ энэ заалыг урд нь цайны газар болон оффисын зориулалтаар ашиглаж байсан юм. Түүнчлэн энэ ажлын хүрээнд аэродромын инженерийн байгууламжийн их засварын ажил хийгдэж байна. Хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 м талбайд их засварын ажил, 4С ангиллын 9 агаарын хөлгийн зогсоолыг шинээр барих ажил, агаарын хөлгийн явгалах замын их засварын ажил ид өрнөж байгаа. Эдгээр ажлууд нь үндсэн зурваст хийгдэж байгаа учир шөнийн цагаар, нислэгийн завсар зайгаар гүйцэтгэж байна.

-Шинээр барьж буй 4С ангиллын 9 агаарын хөлгийн зогсоолд нийт хэдэн агаарын хөлөг зогсох боломжтой вэ. Энэхүү бүтээн байгуулах ажлуудын гүйцэтгэлд ИНЕГ-аас хяналт тавьж ажиллаж байгаа юу?

-Нийтдээ 39 агаарын хөлөг зогсох зогсоолыг бий болгохоор ажиллаж байна Нисэх буудлуудын удирдах газраас асуудлыг оновчтой зохион байгуулахаар хичээн ажиллаж байгаагийн үрээр өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажил саадгүй хэвийн үргэлжилж байна. ИНЕГ болон Нисэх буудлуудын удирдах газраас хяналтын баг томилогдон ажиллаж байгаа. Төслийн ажилтай холбоотой шийдэх асуудлуудыг дор бүр нь шуурхай шийдэж өгч байгаа нь төслийг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхөд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Г.Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.17.162 Shine ongotsnii budlaa hurdan oruulaad munguu hemnehgui dee