Япон улс ЮНЕСКО-гоос урваж магадгүй

2015 оны 10 сарын 13

1937 онд Хятадын Нанжин хотод болсон аллагын тухай баримт бичгийг Дэлхийн өвийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Японы Засгийн газар НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан байгууллага болох ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсоож магадгүй гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

“Энэ харамсмаар шийдвэрт хариу арга хэмжээ авах бүх хувилбарыг бид судалж байна” гэж тэрбээр ЮНЕСКО-д үзүүлдэг санхүүжэлтээ Япон зогсоох эсэх талаарх асуултад хариулахдаа мэдэгджээ.

Тус байгууллага 1937 онд Японы цэргүүдийн Нанжин хотод үйлдсэн аллагын тухай архивын баримт бичгийг Хятад улсын санаачилгаар дэлхийн баримтат өвийн “Дэлхийн дурсамж” жагсаалтад энэ сард оруулсан юм. Үүний дараахан Японы Гадаад хэргийн яамнаас Бээжингийн олгосон материал нь түүхийг гажуудуулсан, “нэг талыг баримталсан үзэл бодолд тулгуурласан” баримт бичиг гэж мэдэгджээ. ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг шаардах болно гэдгээ Токио мэдэгдсэн байна.

“ЮНЕСКО-гийн төсвийг санхүүжүүлэхээ зогсоох эсвэл хандивын хэмжээг багасгах асуудлыг Японы эрх баригчид судалж байна” гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга урьд нь телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Япон улс ЮНЕСКО олгодог хөрөнгө мөнгөний хэмжээгээр хоёрдугаарт ордог бөгөөд тус байгууллагын төсвийн 10.8 хувийг бүрдүүлдэг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.161 zuv, huuhdiiin ner barij yu ch hiideggui baigullaga