Б.Болор: Улс төрийн өндөр албан тушаалтны цалинг л бууруулна

2015 оны 10 сарын 09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Засгийн газартай гэрээ хийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн хэдэн ААН мөнгөө авч чадаагүй байна вэ. Үүнийг тодотголоор өгч чадах уу. Хэдий хэмжээний мөнгө олгогдох ёстой вэ” гэсэн асуулт тавьсан. Үүнд Сангийн сайд Б.Болор, “Сүүлийн 6 жилийн асуудал энд яригдана. Мөнгөө аваагүй 280 гаруй компанид нийт 175 тэрбум төгрөг өгөхөөс 132 тэрбум төгрөгийг векселээр гаргасан. Зарим ААН-ийн материал дутуу байгаа. Гэхдээ энэ мөнгө  гарна” хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Тодотголд төрийн албан хаагчдын цалин 10 хувиар бууруулахаар орж ирсэн байна. Төрийнхний цалин бол бага шүү дээ. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй нь тодорхой болчихлоо. Цалинг 10 хувь бууруулаад дараа нь нэмэх болно. Энэ хооронд ажил үйлчилгээ нэмэгдэнэ. Үүний оронд гоё сайхан барилгатай төрийн байгууллагуудыг нэгтгэж, нэг байранд оруулаад үлдсэнийг нь ашиглах хэрэгтэй” гэсэн юм. Энэ асуултад Б.Болор сайд, “Тодотгол дээр цалин бууруулсан зүйл байхгүй. Улстөрийн өндөр албан тушаалтны цалинг л бууруулна. Түүнээс төрийн тусгай болон төрийн үйлчилгээнийхний цалинг бууруулах асуудлыг тусгаагүй” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Сайд дарга нарын цалинг шууд бууруулах юм уу эсвэл тусгай сангийн зориулалтад шилжүүлэх үү” хэмээн лавлахад салбарын сайд, “Улстөрийн өндөр албан тушаалтны цалинг шууд бууруулахаар тооцож тусгасан” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Тодотгол хийснээр жилийн эцэст орлогын төлөвлөгөө биелэх үү” гэхэд Сангийн сайд, “Оны эцэст орлогын төлөвлөгөө биелнэ гэж тооцож оруулсан” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Хямрал бол боломж. Төсөв өнөөдөр нөхөөстэй дээл шиг болчихоод байгаа. Жилд олон удаа төсвөө тодотгоно гэдэг бол хариуцлагатай холбоотой. Хямралаар бид хөөстэй төсвөө хумих боломжтой. Тухайлбал, халамжийн 28 хувь нь чинээлэг 40 хувьд очиж байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ чинь халамж зорилтот бүлэгтээ очихгүй байна гэсэн үг шүү” гэсэн асуудал тавив. Ийн гишүүд тодотголтой холбоотой асуудлыг тодруулснаар төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөв.

Үүний дараа 2016 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд манай улс төсвөө тэлж, зарлагаа нэмэгдүүлж ирсэн гэдгийг тэмдэглээд өнөөгийн түвшинд төсвөө эрүүлжүүлж, гадаад дотоод нөхцөл байдлаа зөв үнэлж ирэх оны төсвийг оруулж ирсэн гэлээ. Ерөнхий сайдын танилцуулгыг сонссоноор өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойш ирэх оны төсөвтэй холбогдуулж гишүүд асуулт асуух юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 Болор хэцүүхэн хүнд үед сангийн сайдын суудлыг авлаа даа гэж бодож байна. Энэ ажлын сайн хийж, үргүй гаргаж байсан маш их зардлуудыг зогсоож чадвал дараагийн сонгуульд дахин гарах магадлалтай. Ийм зардал маш их байна. өөрөөр хэлбэл төр засаг, намууд дэндүү дураараа тонгочиж байсны балаг одоогийн хямралын эх үндэс боллоо шүү дээ. үүнийхээ төлөө тэд ямар хариуцлага хүлээх вэ?????????????????????????? ???????????????????? ард түмэн хүлээж байн шүү.