Биата Транкман: Монгол Улс 2001-2015 хүртэлх зорилтдоо хүрээгүй

2015 оны 09 сарын 28

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж, 160 гаруй улсын  Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол улс дахь НҮБ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгч нар оролцсон юм.

Тогтвортой хөгжлийн зорилт гэдэг нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг нөхөн гарч ирж буй шинэ хөтөлбөр бөгөөд анх 2012 онд Рио Де Жанейро хотод болсон НҮБ-ын чуулганы үеэр санаачилж байсан аж. Улмаар 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нээлттэй ажлын хэсэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн тогтвортой хөгжлийн 169 асуудлыг хөндсөн 17 зорилт бүхий удирдамжийг танилцуулсан байдаг. Эдгээр зорилтууд нь дэлхийн ядуурал, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх, хотуудын тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой, далай тэнгисийг хамгаалах гэх мэт асуудлуудыг хөнджээ.

Хурлын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “ Тодорхой нэг зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж ажиллах нь сая сая иргэдийг ядуурлаас гаргаж, охид эмэгтэйчүүдийг чадваржуулах замаар тэдний эрх мэдэл болон хариуцлагыг нэмэгдүүлж, хүн төрөлхтөнд эрүүл саруул байж, сайн сайхан амьдрах шинэ боломжийг бий болгож болдог гэдгийг Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-ууд тодорхой харуулж чадсан. Харин Монгол Улсад 2001-2015 онд хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн Үндсэн 9 нийт 24 зорилтоос бүрэн биелсэн 3 зорилт байгаа нь Монгол Улсад орж ирсэн эдийн засгийн үр ашгийг иргэн бүр тэгш хүртэж чадахгүй байгаатай шууд уялдаатай болохыг Үндэсний тав дахь илтгэл нотолж байна. Тухайлбал, МХЗ-ын Ядуурал, өлсгөлөнг бууруулах 4 зорилтоос  нэг нь биелэх боломжтой /ББ/, хоёр нь нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой /НАХАХБ/, нэг нь хэрэгжихэд хүндрэлтэй /ХХ/ байгаа бол Бүх нийтээрээ боловсрол эзэмших зорилтын хувьд нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой” хэмээн онцлоод МХЗ-ын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг баталсныг мэдээллээ.

Тэрбээр, ТХЗ нь хоорондоо харилцан хамааралтай тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Сүүлийн гурван жилд, бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байгаа талаар судалгааг дэлхийн 8 сая гаруй хүнээс авсан бөгөөд уг судалгаанд Монгол Улсын 5 мянга гаруй иргэн  оролцжээ. /Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг баталсан. Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан байна.  Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгаж ажиллажээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД