Төмс, хүнсний ногооны хураалтад 750 оюутан ажиллаж байна

2015 оны 09 сарын 26

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна.

Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай явагдаж байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26, 29-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалахыг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн захирал болон тариаланчдад анхаарууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД