Япончуудаас илүү сэтгэхийг Коосен сургуулийнханд захив

2015 оны 09 сарын 25

БСШУЯ, олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Япон улсын Засгийн газар хамтран “Инженер технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж буй. Энэ төсөл нь дэлхийд технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэх, МУИС, ШУТИС-ийн  инженерийн хөтөлбөрийг тус улсын сургалтын хөтөлбөртэй ижил түвшинд хүргэх зорилготой аж.

Тэгвэл уг төслийн хүрээнд байгуулагдсан ШУТИС-ийн харьяа Коосэн сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 2.5 жилийг ШУТИС-д, үлдсэн 2 жилийг Японы их, дээд сургуульд суралцан дүүргэж хоёр сургуулийн дипломтой төгсөх бөгөөд аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтнүүд болох юм.

Нээлтийн үеэр инжежнерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа, сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр “Дэлхийн шилдэг инженер болгох зорилготой энэ төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө, Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны түрүүгээ аваад “Багшийнхаа ачийг яаж хариулах вэ” хэмээх асуултад “Би багшаасаа сайн бөх бол багшийнхаа ачийг хариулна” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил та бүхнийг Япончуудаас илүү сэтгэж, багштайгаа эн зэрэгцэх биш багшаасаа илүү гарч Япончуудын ачийг хариулаарай” гэлээ.

Дашрамд дурдахад, манай улсаас Японы Коосэн сургуульд инженерийн чиглэлээр 83 багш, 186 оюутан суралцаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД