20-34 насныхан хамгийн их үр хөндөлт хийлгэдэг

2015 оны 09 сарын 24

ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Мари Стопс олон улсын байгууллага хамтран “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Энэ жил “Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл бол миний дотны анд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Дэлхийд жилд 15-16 насны 16 сая орчим охид, эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болоод амь насаа алддаг бол манай оронд 2014 оны байдлаар үр хөндөлтийн 1814 тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх оноос 2517 тохиолдол буюу 13.8 хувиар өсчээ. Эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насных 6.6 хувь, 20-34 насных 69.3 хувь, 35-49 насных 23.7 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь төрөөгүй ба анх удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оны мөн үеэс 4480 тохиолдол буюу 24.7 хувиар өсчээ.

Иймээс охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, жирэмслэхээс хамгаалах эмийн хэрэглээг нэмэгдүүлэн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

"Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна" хэмээн Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюун хэллээ.

Энэ өдрийн хүрээнд маргааш Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 11.00 цагаас жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, сургалт явуулж,  жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг, бэлгэвчийг үнэ төлбөргүй тараах юм байна. Мөн энэ сарын 25, 26-нд Монгол дахь Мари Стопсын эмнэлэг гэр бүл төлөвлөлтийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ирсэн үйлчлүүлэгчиддээ гарын бэлэг өгөх аж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД