Ховор нандин зүйлүүдийг ”Хилчдийн бүтээл”-ээс аваарай

2015 оны 09 сарын 24

Хил хамгаалах байгууллагын “Нээлттэй хаалга”-ны өдрийн хүрээнд анх удаа “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийлээ.

Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн 5 хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явууж байна.

Хилд ургадаг эмийн ургамлууд болон хилчдийн өсгөж үржүүлдэг, ходоодны шархыг эдгээдэг гэх бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг хэмээх “гишүүнэ”, үрэлний навч, сөд өвс, цээний үр, даршилсан хөмүүл, улаан лооль, мангидын хурууд, морин хуур, ногт чөдөр гээд хүнсний болон ахуйн хэрэглээний олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн уг үзэсгэлэнд тавигджээ.

 “Эдгээр бүтээгдэхүүнийг хилийн цэргийн анги отрядын ажилчин, албан хаагчид өөрсдөө бэлдэж, боловсруулсан гэхээр тэнд өөрийгөө хангах зарчим хэрэгжиж байна. Төмсний аж ахуйг ч хөгжүүлж болохоор харагдаж байна” хэмээн Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч, ШУТИС-ийн багш профессор Л.Дамдинсүрэн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлж байлаа.

Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Б.Баярмаагаас үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-Хилчид өмнө нь ийм төрлийн үзэсгэлэн гаргаж байсан уу? Энэ үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Хилчидийн бүтээл гэхээр иргэдэд сонин санагдаж байгаа байх. Эх орныхоо торгон хилийг манахын хажуугаар онгон байгалийн бүтээгдэхүүнийг ашиглан өөрсдийн өдөр тутмын хэрэгцээгээ хангах бүтээгдэхүүн хийж, ховор эм бэлдмэл түүж бэлтгэх зэрэг олон зүйлийг зэрэг амжуулдаг хүмүүс шүү дээ. Жирийн ард иргэд хилчидийг буу бариал байлдаад явдагаар төсөөлдөг бол бид энэ үзэсгэлэнгээрээ их зүйл хийж чадддаг гэдгийг харуулахыг зорьсон. Өнгөрсөр жил Хууль Зүйн яамны нээлттэй хаалганы өдөр хилчид бүтээлээсээ багахан хэсгийг сонирхуулж байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй болж байгаагаараа онцлог болж байгаа юм.

-Хичнээн хилчин энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа вэ?

-Хилийн цэргийн бүх отряд, ангиуд тухайн нутгийнхаа онцлог болсон бүтээгдэхүүнээр оролцож байна. Нийт 30 гаруй анги, хорооны хилчид бүгд ирсэн. Мөн бусад хилчидээсээ туршлага судалж, танилцах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монгол оронд ургадаг ховор эм бэлдмэл, гар урлал, жимс жимсгэнэ гээд бүгд зах зээлийн үнээс хямдаар худалдаалж байгаа болохоор ирж үзээрэй гэж хэлмээр байна.

 Үзэсгэлэн худалдаа маргааш 19:00 цаг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Sanaachilgattai ajilsag zaluuchuuddaa ulam ih amjilt husie.