Cөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн Хүндэт докторын цол олголоо

2015 оны 09 сарын 22

Cөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн Хүндэт докторын цол олголоо.

МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд эрдмийн зөвлөлийн тогтоолын дагуу түүнийг Монгол Улс, БНСУ хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, сургалт судалгаанд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн энэхүү цолыг олгон, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, өмсгөл гардуулав.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцон, Сөүл хотын дарга МУИС-ийн Хүндэт доктор болж байгаа нь тус сургуулийн хувьд нэр төрийн хэрэг гэдгийг онцлоод монгол заншил ёсоор хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барьсан юм.

Сөүл хотын дарга Пак Вон Сун хэлэхдээ, “Энэ эрхэм хүндтэй цол олгосон МУИС-ийн удирдлага, багш нар , оюутнуудад талархал илэрхийлье. Монголчуудын дунд “Нэр хугарахаар яс хугар” гэдэг үг байдгийг сонслоо. Тэгэхээр энэ цолыг дааж явахын төлөө, Сөүл, Улаанбаатар хотын иргэдийг илүү сайн сайхан амьдруулахын тулд хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Энэ үеэр тэрбээр ёслолын ажиллагаанд оролцож буй зочид, оюутнуудад зориулан “Хамтын мөрөөдөл биелэх хүчтэй” XXI зууны нүүдэллэхүй: Нээлт, нэгдэл, харилцаа, хамтын ажиллагааны дүнд цогцлоох нэгэн орчин” сэдвээр лекц уншсан юм.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын ГХХ-ийн дарга Д.Наранцэцэг, Улаанбаатар хотын Сөүл хот дахь төлөөлөгч Б.Дулмаа,  Сөүл хотын гадаад харилцааны төлөөлөгч Нам Гван Пьё,  Төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Жан Хёнг Жэ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Чанг Хүн Жай, БНСУ-ын Монгол дахь Элчин сайд Оо Сонг нар оролцов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.110 Улаанбаатарын их сургууль нь огсон бол илуу зохимжтой бишуу.