ОБЕГ-ын албан хаагчид байр зүйн зургийн ашиглалт сурж байна

2015 оны 09 сарын 18

ОБЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Байр зүй, геодезийн 284 дүгээр анги  хамтран “Байр зүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалтыг энэ сарын 17,18-нд зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын мэргэжилтнүүд, төв орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийн ахлах мэргэжилтнүүд, Хууль сахиулахын удирдлагын академийн 821 дүгээр дамжааны багш, сонсогч зэрэг нийт 50 албан хаагч оролцож байна.

Сургалтын зорилго нь ОБЕГ-ын албан хаагчдад байр зүйн зургийн тухай болон зургаар газар орон дээр баримжаалах, газар зүйн мэдээллийн систем, байршил тодорхойлогчийн талаар мэдлэг олгох, даргын ажлын зураг дээр ажиллах дадлага, чадвар олгоход оршиж байгаа аж.

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрчим хүч, автозам, холбоо, уул уурхай, хот төлөвлөлт гэх мэт  салбарууд байр зүйн зургийг өөр өөрийн онцлогт тохируулан ашигладаг. Онцгой байдлын албаны хувьд ч мөн гамшгаас хамгаалах, аврах үйл ажиллагааг нарийвчилсан зураг дээр тооцоолж, түүнийг ашиглаж сурах хэрэгцээ, шаардлага гардаг тул энэ удаагийн сургалтыг  зохион байгуулж байгаа юм.

Сургалтаар зураг дээр солбилцол тодорхойлох, зай, өнцөг хэмжих, талбай тодорхойлох, томъёолсон тэмдэглэгээг унших, ашиглах, солбилцол хоорондын хамаарал, газар зүйн мэдээллийн систем, байршил тодорхойлогчийг ашиглах, зураггүйгээр  баримжаалах,  азимутаар хөдөлгөөн үйлдэх зэрэг багц хичээлүүдийг судалж, даргын ажлын зураг дээр ажиллах дадлагыг албан хаагч тус бүр хийж байна. Цаашид  энэхүү сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД