С.Батцэцэгт дэд хурандаа цол олголоо

2015 оны 09 сарын 16

Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий мөнгөн медаль, олимпийн хүрэл медалийн эзэн,  Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олголоо.

Тэрбээр, “Хилчин” спорт хороо, хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч бөгөөд анх 2010 онд хил хамгаалах байгууллагад  хилчин ахлагчаар  ажлын гараагаа эхэлж таван жилийн дараа хосгүй амжилтын үр шимээ хүртэж ийнхүү цол ахилаа.

Соронзонболдын Батцэцэг нь 1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж тус сумын дунд сургуулийг 2008 онд төгсөж МУБИС-ийн япон хэлний ангид элсэн орсон. Хашаат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Дэмбэрэлийн Дондовын удирдлага дор 2005 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлж 2008 оноос “Замчин” спорт клубт улсын заан, гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.

2008 оноос эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тив дэлхийн олон тэмцээнд амжилт үзүүлсэн түүний хамгийн сүүлийн амжилтуудаас дурдвал:

2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд Унгар, Турк, Латвийн бөхийг дараалан ялж хагас шигшээ барилдаанд Болгарын бөх Т.М.Юсейнийг 11:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол хангаж шувтаргын барилдаанд Японы бөх Р.Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга болжээ.

Түүнчлэн Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын АШТ-д 2011, 2013-2015 онуудад 4 удаа оролцсоноос 2013 онд Дэлхийн цомын тэмцээнээс багийн мөнгө, 2015 онд хүрэл медаль хүртсэн.

“Mongolia Open” ОУТ-ээс 2012, 2013, 2015 онд 3 алт, АНУ-ын Колорадо-Спрингс хотод болдог олимп, дэлхийн аварга Д.Шульцийн нэрэмжит ОУТ-ээс 2011 онд мөнгө, Украины ОУТ-ээс 2012 онд хүрэл, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” ОУТ-ээс 2013 онд хүрэл, 2015 онд алт, “Poland Open” ОУТ-ээс 2014 онд алтан медаль хүртжээ. 2010 онд “Оны манлай тамирчин”-аар, 2012, 2013 онд “Оны шилдэг тамирчин”-аар, 2013 онд “Оны шилдэг оюутан тамирчин”-аар шалгарч байсан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
217.172.236.141 shuud general bolgoh heregtei kkkkkkk