Юань улсын үеэс эдүгээ хүртэлх түүхийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

2015 оны 09 сарын 15

Эзэн Чингис хааны ач хүү, алтан ургийн залгамжлагч Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний төв музейд гарлаа.

Их хааны амьдрал, хүн төрөлхтөний болон Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, төрийн их үйл хэргийг хүүхэд залуучуудад таниулах зорилготой уг үзэсгэлэнд Хубилай сэцэн хааны өвийг Юань улсын үеийн монголын соёлоор дэлгэн харуулах аж.

Тус үзэсгэлэнг нээж БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Хубилай хаан Монгол болон дэлхийн түүхэнд өвөг эцгээсээ илүү биш юм гэхэд дутуугүй их үйл хэрэг мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, Чингис хааны үндэслэсэн эзэнт гүрнийг өргөжүүлэн тэлж, хөгжлийн оргилд нь гаргасан гавьяатай хүн билээ. Хубилайн хаанчлалын жилүүдэд дэлхийн тэн хагас Монголын эзэнт гүрний захиргаанд багтаж, “Пакс Монголика” буюу “Монголын энх” хэмээх энх амгалангийн эрин үе нээгдсэн түүхтэй. Ойн хүрээнд хийгдэж буй ажлууд Хубилай хаан, Монголын эзэнт гүрэн, Их Юань улсын түүх, соёлыг дэлхий дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хубилай Сэцэн хааны төрт ёсны болон соёлын арга хэмжээнд хэрэглэж байсан ятга хөгжмийг сэргээн засварласныг БСШУЯ-наас СУИС-ийн удирдлагад гардуулан өглөө.

 Ийнхүү 800 орчим жилийн тэртээ эгшиглэж байсан ятга хөгжмийг олны хүртээл болголоо.

Үзэсгэлэнд Хубилай сэцэн хааны өвийг Юань улсын үеэс эдүгээ хүртэл уламжлан ирсэн түүх, археологи, соёлын өв, олдворуудаас 300 орчим хосгүй ховор үзмэрийг дээжлэн үзэгчдэд толилуулж байна. Тухайлбал, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн А.Энхтөр, Ц.Төрбат, Д.Батсүх болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш археологич У.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн археологич Ц.Одбаатар, Г.Бүрэнтөгс зэрэг судлаачийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Цахиурт овооны монгол булш, Булган аймгийн Хутаг Өндөр сумын Зүүн бэлийн монгол булш, Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн монгол булшны олдвор зэрэг судалгааны эргэлтэд ороогүй шинэ дурсгалуудыг нийтэд танилцуулж байгаа бөгөөд “Хубилай хаан ан хийж буй нь” зураг, тухайн үед холбогдох хувцас, эдлэл хэрэгслүүдийг тавьжээ.

Монголын Үндэсний музеэйн захирал Э.Батсүх “Хубилай хаан олон түүхэн үйл хэргийг санаачилсны нэг нь дөрвөлжин бичиг юм. Эл үзэсгэлэнд дөрвөлжин бичгийг хадгалж үлдсэн зоос, мөнгөн тэмдэгтүүд, хууль эрх зүйн баримт бичгүүд гээд архив, түүх соёлын холбогдолтой чухал бүтээлүүдийг анх удаа дэлгэн тавьснаараа онцлог. Мөн зураач Н.Далантайн Их хааны хамгийн сүүлчийн хөрөг зураг гээд сонирхолтой үзмэрүүд олон байгаа” хэмээн ярилаа.

Үзэсгэлэн ирэх сарын 20-ны өдөр хүртэл үзэгчдийн хүртээл болох бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД